Өвлийн морин уралдааныг бүрмөсөн хориглоё

Өвлийн морин уралдааныг бүрмөсөн хориглоё

Адуу дагасан монгол эрчүүдийн ахуй, өвөрмөц соёл, хүмүүжил төлөвшилтэй холбоотой  асуудлыг тусад нь үлдээж, хүйтний улиралд морь уралдуулж, хүүхэд унагадаг, хөлдөөдөг, гэмтээдэг асуудлыг нэг тийш болгох цаг одоо ирсээн.  

Монголд хурдан удмын адуу тойрсон бизнесийн асар том ертөнц хөгжсөн. Цэвэр цусны монгол адуу ч бараг уралдахаа больсон гэгддэг. Хурдан удмын морины үнэ ханш машин байрнаас хол давсан. Витамин тариулсан морьдын уралдааныг уралдаан гэхэд хэцүү. Хуучны талын хөх өвгөдийн монгол баяр наадаан, бах цэнгэл шал өөр түвшинд очсон.

Мөнгө, эрэмбэний энэ том ертөнц Монголын ирээдүй болсон нялх балчир хүүхдүүдийн амь насыг авч байгаад нь эцэг эхчүүд эгдүүцэж, мөн ч их шүүмжилдэг. Шүүмжлэхээр монгол эрчүүд морь малтай ноцолдож, хатуужил тэсвэр суудаг, хүмүүжлийн ач холбогдолтой гэж ирээд өмөөрөх улсууд гараад ирдэг. Асуудлыг тийш нь ханаруулж байгаад шийдүүлдэггүй. Гэтэл энэ чинь орчин цагт хүүхдээр морь унуулж, хүйтний улиралд уралдаан хийх нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогдож байна. Үүнийг хүүхдийн төлөө байгууллагууд, хүний эрхийн газрууд чимээгүй өнгөрөөсөөр ирсэн. Засгийн газар ч энэ асуудлыг шийдэж дийлддэггүй. Хориглосон тогтоол гаргаад ч түүнийг нь үл тоож сумын, овооны, ойны жижиг уралдаан сэм болж орхидог. Өнөө жилийн сар шинийн баяраар ч хөдөө гадаа морь уралдуулсан сураг дуулдана лээ.

1996-2017 онд болсон уралдаануудын үеэр 40 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан гэх тоо баримт байна. 2016 онд мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо 2199 байсан бол 2017 онд 2223 болж нэмэгджээ. Мориноос унаж бэртсэн тэдгээр хүүхдүүд дандаа толгой тархины гэмтэл, нуруу цээжний бэртэл авчээ.

Өнгөрсөн жил “Дүнжингарав” хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа соёолон насны морьдыг оройн 18:40 цаг болж байхад гарааны зурхай руу хөдөлгөн Дүнжингаравын уралдааныг шөнөжингаравын уралдаан болгож л байсан. Монголын морин спорт уяачдын холбооноос харуй бүрий тасарсан хойно харанхуйд морь уралдуулчихаад “Хавар нар эрт жаргаж байна” гэх маягийн тайлбар өгч байсан юм даг. Тэр уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь хүнд бэртэл авч, машинд мөргүүлсэн байдаг юм. Ерөөсөө засаг, төр гээч юм оршиж байгаа нь үнэн бол ядаж өвлийн цагт, хүйтний улиралд морь уралдуулдаг энэ байдлыг газар бүрт нэг мөсөн хориглох шаардлага байна. Морь унаж, хүйтэн салхи сөрж давхиж яваа арав хүрээгүй жаахан хүүхдүүд битгий хэл бид өөрсдөө машинаас бууж суугаад орж гарахын хооронд хөлдчих шахдаг. 

Морь унаач хүүхдүүдийн хичээл сургуулиас завсардах, сурлага муудах, аав ээжийнхээ шахаанд орж морь унаж таван төгрөг олох гэхчилэнгийн нийгмийн олон асуудал нь тодорхойгүй байгаа. Үүнийг яриад орхих биш бүр тодорхой болгож, шийдэх хэрэгтэй болсон.