Ардчилсан намын анхан шатны гишүүд, дэмжигчид нам хоёр хуваагдах нь уу дээ, юм хаашаа эргэх нь вэ гэж халаглан, яах ийхээ мэдэхгүй бужигнаж эхэлжээ. Монгол орны сум, суурин бүрт салаа мөчрөө дэлгэсэн энэ том намынхан дороо бужигнаж, дээрээ хэд хэд хагарч бутарсан байна.
Ардчиллын алтан хараацай гэгддэг арваадхан хүн үлдсэн. Тэд л нэгийгээ илүү том эрх мэдэлд хүрчих вий гэхээс байж ядан тонгорч унагах, хүчгүйдүүлэх ажлыг хийж явна уу гэлтэй. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, Ч.Сайханбилэгийн Засаг гарч ирэх үеэс л ардчиллын хэдэн хөгшчүүд хэмлэлдэж эхэлсэн нь харагддаг. Хэзээнээсээ ч фракц хоорондын зөрчил ихтэй АН-ынхан сая М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах улс төрийн тоглолтын үеэр хагаралдаан нь хаана, ямар хэмжээнд хүрснийг бүр тод болгож орхив.
Ардчиллын алтан хараацай, “Богд” банкны эзэн Лу.Болд гишүүн гэхэд МАН-ын хэдэн залуутай гар нийлчихсэн Их хурлын танхимд ширээгээ нүдэж, төрөлх намаа гөвөөд сууж байх жишээтэй. Түүний үг, үйлдэлд эгдүүцсэн намын дарга С.Эрдэнэ “Монголд хөгжсөн ардчиллын буяныг Л.Болд гишүүн хамгийн их хүртсэн. АН-ын гишүүнийхээ нэр нөлөөгөөр хоёр ч удаа сайдын албан тушаалыг хашсан хүн. Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, олон удаа УИХ-д суусан ийм хүн их л болчимгүй үйлдэл гаргалаа” гэж мэдэгдээд, энэ том нам Л.Болд гишүүнээр дутахгүй гэдгийг илэрхийлээд авна билээ.
Л.Болд гишүүн ч улс төрийн дүрэмгүй тоглолтыг хийсээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг байхгүй болгож, зүгээр нэг зөвлөлийн хэмжээнд аваачаад хаячихав. Тэр өөрөө туурга тусгаарлаж магадгүй л юм. Ямартаа ч “Гэр” хөдөлгөөнийг гартаа бариад сууж байна. АН-ын анхан шатны үүрийн гишүүд Л.Болдыг намын олон мянган гишүүдийн итгэл үнэмшлийг үгүй хийлээ гэж шүүмжилж байгаа сурагтай.
Нөгөө талд нь УИХ дахь бүлгээ самруулж, хүчгүйдэж эхэлсэн С.Эрдэнэ АН-ын даргын тамгаа тавиад туух уу, яах вэ гэдэгт толгой нь гашилж суугаа бололтой. Уг нь тэрбээр 2020 онд Ерөнхий сайдын суудлыг горьдож, анхан шатны гишүүдтэйгээ нүүр тулах, хүчээ зузаатгах ажлыг чамгүй амжуулж “Монголоо сонсъё”, “Ардчилсан намын хөгжил шинэчлэл” зэрэг аяныг хаваржин, зунжин хийсэн юмсан. Аргаа барахдаа, Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж З.Нарантуяа, Р.Амаржаргал, Д.Пүрэвдорж нарыг дэд даргаа болгоод авсан.
Бас нэмээд, Э.Бат-Үүл баатрыгаа яах вэ гэдэг асуудал АН-ынхны хүсээгүй зовлон болоод буй. Өмнө нь түүнийг С.Зоригийн хэргээр “барьцаалан” Ерөнхийлөгчийн сонгуульд оруулалгүй татаж үлдээж чадсан. Тэгвэл одоо мөн л хотын даргаар ажиллаж байхдаа авлигын асуудалд холбогдсон гэж шалгуулаад л. Тулгалтад орсон Э.Бат-Үүл баатар ч гар хоосон суулгүй, Гэр хорооллын хөгжлийн намыг дэргэдээ суулгаж байгаа гэх. Юм эвгүйтвэл тэр хаашаа хөдлөх нь эндээс харагдах биз.
Элбэгдоржгүй Ардчилсан нам, Ардчилсан намгүй Элбэгдорж гэхээр олон нийтэд яажшуу хүрэх юм, бүү мэд. АН-ын лидерүүдийн нэг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш хэсэгтээ чимээгүй байсан ч үе үе олны өмнө ил гарах болж. Д.Дорлигжав, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыгаа хэцүү нэртэд алдчих гээд яваагийн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг өөрийг нь шалгах даалгавар өгсөн. Тэгэхээр Элбэгээ ямархан улс төрийн хараа гаргахыг таашгүй л юм. Ц.Элбэгдоржийнхоо эсрэг хамгийн хүчтэй дуугарч, тулж явдаг Н.Алтанхуяг нь ч “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнтэй болсноо зарласан. Нэгэн цагт Халтмаагийн Баттулга гэдэг хүнтэй би нэг агаараар амьсгалахгүй гэж явсан Н.Алтанхуяг гуай өнөөдөр Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байгаа. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж л байдаг гэгчээр л юм даа. Хүргэн, охин, эхнэр, зөвлөхөө бүгдийг нь АТГ-т шалгуулж, буланд шахуулж явсан хүнд хор шар, бодох тооцоо гэж байх биз.
Ардчилсан намын бас нэг хуучин бурхи болох Гаваагийн Батхүү хэсэг хүмүүсийг цуглуулчихсан МоАН гэх нэгдлийг бий болгоод сууж байна. Байдал эвгүйтэх юм бол нам болчих хэтийн төлөвтэй байж мэднэ. Тэрээр хажуу бөөрөндөө УИХ-ын гишүүн А.Мурат, З.Нарантуяа мөн намынхаа дунд, залуу үеийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, А.Батчимэг нарыг багтаачихсан яваа. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Л.Болдын хийж байгаа үйлдэл Г.Батхүүтэй холбогдож мэдэх юм. Г.Батхүү нь 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт Л.Болдтой хоршин нэр дэвшиж байсан билээ.
2020 он хаяаны гадаа ирсэн үед улс төрийн хамгийн том амбицтай нам энэ мэтээр дотроо хагаралдан, бут үсрэхэд тун дөхжээ. Ардчиллын алтан хараацай гэгддэг арваадхан хүн жаран насны босгонд ирэхдээ жаргаж ч чадахгүй, Ардчиллын үнэ цэнэ, мөн чанарт халгаатайгаар толхилцож суух юм даа.