Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:
– Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт
– Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад
– Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд
– Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд
– Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.
Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм.
– “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байна.
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.