Авлигатай тэмцэх газар нь хараат бус ажиллана гэсэн суурь зарчимтай, тусгай байгууллага. Гэвч, энэ газрыг үнэхээр шударга ажиллаж чаддаг уу гэдэгт олон нийт эргэлзэж, хэн нэгэн эрх мэдэлтний дохиураар ажилладаг юм биш үү гэсэн хардлагыг илэрхийлдэг. Монголын нийгэмд дуулиан болсон томоохон авлигын хэргүүд бүгд АТГ-ын босгоор ороод нам дарагддаг. Нэг өдрийн дуулиан төдий өнгөрдөг нь хачирхам, хэн ч хардахаар... Энэ газарт хэн нэгэн эрх мэдэлтэн шалгагдвал яагаад ч юм тэр нь улс төрийн нөхцөл байдалтай уялдаж таараад байдаг нь бас анзаарагддаг.
Ингээд томоохон албан тушаалтнууд авлигын хэргээр шалгагдсан ойрхны жишээнүүдээс дор сийрүүлье.
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ “Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас цагдан хорьсон. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан. Тухайн үед С.Баярын биеийн байдал муудаж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг.
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ “Рио тинто” компаниас авлига авсан байж болзошгүй гэх хэргээр Сангийн сайд асан С.Баярцогтыг хоёр удаа хорьж саатуулан, өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг анхан шатны шүүх хэлэлцээд батлан даалтад гаргасан.
- Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Арабын нэгдсэн Эмират улсад очиж Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Дубайд очиж хийсэн тэрхүү гэрээтэй нь холбогдуулан цагдан хорьсон. Мөн л өнгөрсөн оны дөрөвдүгээр сард биеийн байдал нь муудаж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орж, батлан даалтад гарсан.
- Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг АТГ-аас хоёр сар шахуу цагдан хориод сулласан. Эхлээд түүнээс гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад, залгуулаад шууд хорьсон гэдгийг өмгөөлөгч нь ярьсан байдаг. Түүнтэй хамт Тагнуулын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг мөн шалгасан. Тэднийг “Батлагдсан гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргасан, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт холбогдуулсан юм.
- Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамт 4 сая ам.долларын авлигын хэргээр цагдан хорьж, хэдхэн хонуулаад сулласан. Одоо батлан даалтад гарсан байгаа.
- “Голомт” банкны хувьцаа эзэмшигч Д.Баясгаланг мөн Д.Дорлигжавын хэрэгтэй холбогдуулан цагдан хориод, хоёр хонуулаад сулласан. Түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэж, дүүргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн.
- “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон боловч хоёр хонуулаад өмгөөлөгчийнх нь хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргасан.
- “Жаст” гурппын эзэн Ш.Батхүүгийн гэх дуулиант хэрэг батлан даалтаар “өндөрлөсөн”. Түүний биеийн байдал муудсан гэх шалтгаанаар гадуур байцаахаар болсон. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч, Монголын Засгийн газрыг өрөнд оруулсан байдаг.
- “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг мөн л АТГ-аас баривчлан цагдан хорьсон. Тун удалгүй, гурав хонуулаад батлан даалтад гаргасан юм. Түүнийг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдаас онц их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас цагдан хорьсон. Түүний өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг авч үзээд, сулласан.
- Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2017 оны 11 сарын 29-ний өдөр гэртээ байхад нь мэдүүлэг авна гэж дуудаад цагдан хорьсон байдаг. Түүнийг Монголбанкны еөрнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наяд төгрөгийг үр дүнгүй зарцуулсан гэх асуудлаар шалгасан юм.
- “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байсан Долгоржавын Ганболдыг АТГ-аас цагдан хорьж, шалгасан, батлан даалтад гаргасан. Түүнийг албан тушаалаа урвуулан зарим компанид илт давуу байдал бий болгож өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шалгасан байна.
- Шведийн Вант улсад Элчин сайдаар сууж байсан М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэн АТГ-аас шалгасан байдаг.
АТГ-ын зүгээс бид бүрэн эрхийнхээ дагуу хэргийг шалгадаг боловч шүүх, прокурорын байгууллагаас бидний явуулж байгаа мөрдөн байцаалтад саад учруулдаг гэж тайлбарлаад байгаа юм. Дээрх жагсаалтаас харахад АТГ цагдан хорьж шалгах гэдэг ч, анхан шатны шүүх өмнүүр нь ороод батлан даалтад гаргаад өгчихдөг юм байна гэх ойлголт гарч ирэхээр аж. Нийгмийг цочирдуулсан, олон нийтийг бужигнуулсан авлигын хэргүүдийг дайлах сүр ихтэйгээр баривчлаад, батлан даалтад буцаагаад байхлаар эргэлзээ төрүүлэхээс ч яахав.
Томоохон хэргүүд үнэхээр л АТГ-ын босгоор ороод яасан нь тодорхойгүй дарагдаж, “Хэрэг шалгагдаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг үгээр олон нийтийн амыг таглачихдаг. Тэр нь явж явж, нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн АТГ-аар нэгийгээ "авладаг" юм биш биз дээ гэх хардлагыг тээдэг.
Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчимдаа нийцсэн хууль, эрх зүйг бий болгож, нийгэм, олон нийтэд төрөөд байгаа хардлага, айдас, үл итгэсэн байдал зэргийг залруулах зайлшгүй шаардлагын өмнө ирсэн гэж дүгнэхэд буруудахааргүй байна.