Монгол улсын өнөөгийн нийт гадаад өр 23,8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 87,5 хувьтай тэнцэж байна. Энэ тухай бид оны өмнө нэлээдгүй ярьж, төр засгийн түвшинд ч эдийн засгийн хүндрэлийг даван туулах томоохон зоримог зорилтуудыг тавьсан. Гэвч томоохон төслүүдийг эхлүүлэх, өр зээлийн асуудлаа шийдвэрлэх зэрэг асуудлууд өнөөдөр тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол найдвар ОУВС-ийн Стэнд бай хөтөлбөр болоод байна. Манай улсын хувьд 1991 онд ОУВС-ийн гишүүнээр элсч байсан. Тус байгууллагын хэд хэдэн хөтөлбөрүүдэд хамрагдаж байснаас, яг Стэнд бай хөтөлбөрийн хувьд шилжилтийн эдийн засагт шилжиж байсан 90-ээд оны үед, мөн 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын шуургыг даван туулахын тулд хамрагдаж байсан удаатай. Өмнө нь эдийн засгийн хямралтай үед манай улс Стэнд бай хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан. Харин энэ удаад, төсвийн алдагдалтай үед Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байгаа учраас төвийн сахилга батыг сайжруулахад хөтөлбөр чиглэгдэнэ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга бат сайжирна гэж харж байгаа боловч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд, өр ширэнд баригдсан, гаднаас зээл, тусламж авахыг зорьж буй манай улсын хувьд бие даан шийдвэр гаргах эрхгүй болно. Цаашлаад хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд тухайн засгийн газар амлалтандаа хүрсэн эсэх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, бодлогоо хэрэгжүүлж чадсан уу зэрэг нь үр дүнд нь ихээхэн нөлөөлдөг байна. Тиймээс Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, анх яриа хэлэлцээгээ хэрхэн хийх вэ гэдэг дээр эрх баригчид анхаарах шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.