Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэргийн дараа Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдын суудал ганхаж, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын асуудал хүчтэйгээр хөндөгдөж эхэлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргад хошууч генерал А.Ганбатыг нэр дэвшүүлж байгаагаа УИХ-д хүргүүлжээ. Ирэх гуравдугаар сарын 10-даар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэдгийг Их хурлын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар А.Ганбатыг томилох тухай асуудлыг чуулганд оруулах бололтой.
Хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргад дэвшүүлэх санал яригдаж эхлэхтэй зэрэгцэн түүний тухай баримтууд хэвлэлээр гарч эхэлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн алба хаах хугацааг гурван жил болгон уртасгаж, охид эмэгтэйчүүд цэргийн алба хаах тухай санал гаргахад нь А.Ганбат дэмжин “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, байр сууриа илэрхийлж байсан юм.
А.Ганбат гэж хэн бэ
1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгсчээ.
1979-2010 онд зэвсэгт хүчинд алба хаасан байна. Энэ хоорондоо Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны 7 дугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ.