Шүүх засаглалд шударга, хараат бус ажиллах боломж олгохоор одоогоос хэдэн жилийн өмнө шүүгчдийн цалинг огцом нэмж байсан билээ. Тэд сард 3-4 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүгч нарын таван настай хүүхдийнх нь хадгаламжид 500 сая төгрөг байдаг. Өөрийн хадгаламждаа нэг сая ам.доллартай шүүгч ч бий. Анхан шатны шүүх 50 мянган ам.доллараар хэрэг шийддэг. Захиргааны хэргийн шүүх 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүгч 200 мянган ам.долларын авлига авдаг” гэж телевизийн ярилцлагад орохдоо зарлаж байсан юм.
Тухайн үед АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад хамгийн их хөрөнгөтэй шүүгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Хосбаяр тодорч байв. Шүүгч Ц.Амарсайхан, Д.Мөнгөнтуул, Д.Цогт нар мал, эд хөрөнгөөрөө удаалж байсан санагдана.
Харин энэ сарын 13-ны өдөр АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэл хийжээ. Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Прокуророос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ өгөх аж. Хэрвээ Шүүхийн ерөнхий зөвлөл тэдний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал АТГ-аас үргэлжлүүлэн шалгах ажээ. Нэр бүхий зургаан шүүгчээр Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын нэрийг дурдсан байв.