"Ноён уул"-ын шүүх хурал 48 удаа хойшилж, шүүх засаглалын түүхэнд рекорд тогтоож байна
2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр “Ноён уул”-ын гэх тодотголтой шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд болж, ирэх гуравдугаар сарын 1-нийг хүртэл хойшилсон билээ. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, “Сентрра гоулд” компани болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох энэ маргаан шүүх байгууллагад шилжсэнээс хойш нийтдээ 48 дахь удаагаа хойшилж буй нь энэ юм байна.
Та бүхэн цахим хуудас нээгээд “Ноён уулын шүүх хурал” гэж хайвал хойшилж байсан бүх холбоотой мэдээллүүд гарч ирнэ. “Ноён уулын шүүх хурал 30 дахь удаагаа хойшиллоо”, “Ноён уулын шүүх хурал 2018-03-16-ны өдөр 35 дахь удаагаа хойшлов”, “Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшилж байна”, “Ноён уулын шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалт дор болж байна” гэх мэтээр хөвөрч гарч ирнэ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уул нь хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг аж. Энэ байгалийн баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж, ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д очжээ. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар анх шүүхийн маргаан эхэлж байж. 2008 онд. Түүнээс хойш арван жил болоход Монголын шүүх засаглал энэ асуудлыг аль нэг талд нь гаргаж, бүрэн дүүрэн шийдэлгүй өдий хүрч, шүүх байгууллагын практикт гарч байгаагүй ийм нөхцөл байдалд хүргэжээ. Энэ хооронд ашиглалтын дөрвөн лицензийг цуцалж, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний талд нэг удаа шийдвэр гарч байж. Буцаагаад нөгөө талаас гомдол гарч, ийнхүү үргэлжилж байгаа бололтой.
Мэдээж, энд аль нэг талын эрх ашгийг хөндөх гэсэнгүй. Монгол Улс хуулийн засаглалтай орон учраас эцсийн шийдвэрийг шүүх байгууллага өөрөө гаргах учиртай. Гэвч, нэг асуудлыг арван жилийн турш 48 удаа хойшлуулж хэлэлцэнэ гэдэг нь явж явж шүүх байгууллагын нэр хүндэд халтай юм биш үү. Шүүхийн тухай багц хуулиудад ийм олон удаа хойшлуулж болдог зүйл заалт бий юу гэдгийг олон нийтэд тайлбарлах ёстой болов уу. Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг ингэтэл нь дордуулж болох уу, ингэж олон удаа хойшлуулах нь цаанаа ямар учир шалтгаантай байдаг юм бэ гэдэг асуултуудад хариулт зайлшгүй хэрэгтэй байна.