Хэн гээч нь Ерөнхий сайдын таалалд нийцэж, хотын 33 дахь даргаар залрах вэ

Хэн гээч нь Ерөнхий сайдын таалалд нийцэж, хотын 33 дахь даргаар залрах вэ

НИТХ-ын олонхийн санал авсан С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзлаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх.

С.Мөнхчулууны хувьд нам доторх фракц бүлэглэлд татагддаггүй учраас автоматаар ирэх дэмжлэгээр бага. Улс төрийн ийм ээдрээтэй цагт намын бодлого сөрж нэр дэвшээд олонхийн санал авсан түүнийг бор зүрхээрээ ингэж дээшээ гарч ирлээ гэхээс чиг яахав. Ерөнхий сайд батламжлах эсэх нь тодорхойгүй сар гаруйн хугацаанд уулзах гэж гурван удаа очиход нь хүлээж аваагүй юм байна лээ. НИТХ-ын олонхийн саналыг нэгэнт л авсан хойно, ялсан хүнийг хүлээж авч уулзаад намын дарга, цэргийн хувьд ярьж хөөрөөд, хамтран ажиллах боломжоо тохирч болох л байв, уг нь. Улстөрчдөд итгэх иргэдийн итгэл унасан, Монголын улс төр бүхэлдээ мухардалд орсон ийм ээдрээтэй цагт Ерөнхий сайд буулт хийж болох шүү дээ. Гэвч тэгсэнгүй.

Одоо, дахин нэр дэвшилт явагдана. Ойрмогхон хотын даргын асуудлыг нэг тийш нь болгохоор МАН-ын удирдлагын түвшинд хэд хэдэн хувилбарыг ярьж эхэлжээ. НИТХ дотроос биш гаднаас хүн нэр дэвшүүлэх сонирхол ч байгаа гэнэ. Намын генсек Д.Амарбаясгалангаа нэр дэвшүүлнэ гэх яриа ч гарч эхэлжээ.

С.Мөнхчулууны хувьд “Ялагдсан хүн нэр дэвшинэ гэж байхад ялсан хүн нэр дэвшиж болох биз ээ” гэж заалнаас дахин дэвшихээ илэрхийлээд байгаа. Гэхдээ МАН-ын удирдлагууд түүнийг дахин нэр дэвшвэл намаас хөөнө гэсэн яриа ч гадуур тархаж, үүнийг С.Мөнхчулуун ч үгүйсгэхгүй байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн таалалд нийцсэн хүнээ сонгох гэж Улаанбаатар хотыг өвлийн хүйтнээр бүтэн хоёр сар даргагүй байлгалаа. Энэ хооронд нийслэлийн өдөр тутмын ажил явж байгаа ч гэсэн бодлогын түвшний олон асуудал гацаатай буй. Ер нь НИТХ-ын олонхийн саналыг авсан байтал Ерөнхий сайд дээр очоод буцаад унах нь “Олонхийн санал авсны хэрэггүй” болгож хувиргаад байгаа хэрэг. Тэгэхээр хотын даргыг нийслэлчүүд өөрсдөө сонгодог болох тийм зарчим руугаа явсан нь илүү зөв гэдгийг энэ хоёр сар гаруйн хугацаанд иргэд ярьж байна.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын 31 дэх даргаар ажиллаж байсан бол, Су.Батболд 32 дахь даргаар ажилласан. Улс төрийн албан тушаалын хувьд бараг хоёр дахь Ерөнхий сайдын дайнд хүрдэг Нийслэлийн Засаг даргын суудалд хэн гээч нь У.Хүрэлсүхийн таалалд нийцэж залрах юм бол...