Төмөр зам дээр 5 хүн амь насаа алдчихаад байна. Сүүлийн арванхоёр хоногийн хугацаанд Төмөр зам дээр ажлаа хийж явсан 3 иргэн, төмөр замаар хөндлөн гарсан 2 хүн амь насаа алдчихаад байхад өнөөх яруу алдарт Төмөр замын удирдлага яасан, ийсэн тухай ямар ч үг хэл үгүй таг сууж байна.
Тодруулбал уг 5 ослын эхнийх нь он солигдохын өмнөхөн буюу 2016.12.29-ний 08.45 цагт Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарсан талаар эх сурвалж өгүүлж байна. Уг өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах гэж байгаад дунд нь хавчуулагдаж нас баржээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан гэнэ.
Эхний ослын талаарх дүгнэлт
2 дахь осол нь өмнөх осол гарсанаас долоо хоногийн дараа гарсан талаар төмөр замчид ярьж байна. Тодруулбал нэгдүгээр сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд осол гарч нэг хүн амь насаа алджээ.
Уг ослын дараа буюу 1 сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр хоёр оюутан охин дайруулж газар дээрээ нас барсан хэрэг гарав. Уг хэргийн талаарх нарийн мэдээлэл алга. Төмөр замаар гарах гэж яваад галт тэргэнд дайруулж нас барсан гэдэг л мэдээлэл байна.
Дараагийн осол ердөө нэг хоногийн дараа буюу 1 сарын 8-ны өдөр гарчээ. Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн гэж албаныхан мэдээллэж байна. Биеийн байдал маш хүнд байгаа талаар эх сурвалж өгүүллээ.
Харин 5 дахь осол 1 сарын 9-ны өдрийн 13 цагийн орчим Улаанбаатар хотод гарчээ. УБТЗ-ын Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас баржээ гэсэн мэдээлэл гарав. Цагдаагийн мэдээллээр БЗД-10 “Амгалан өртөө”-ний Төмөр замын зам засварын машинт станцын салбар 2-р зам дээр сэлгээ хийж байсан “ДКУ 4250” мотовозын 946, 98-р вагоны хооронд холбогч найруулагч ажилтай Л /эр.52н/ нь хавчуулагдаж гэмтэн нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 09-нд авч Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна. Талийгаач 52 настай байсан талаар эх сурвалж өгүүлж байна. Түүний хувьд олон жил ажилласан туршлагатай. Ажлын байрныхаа аюулгүй байдлыг маш сайн мэддэг талаар ойр ажиллаж байсан нөхөд нь өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ төмөр зам дээр мэргэжлийн удирдлагын асуудал яах аргагүй хөндөгдөхөөр болж байна.
Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой. 12 хоногийн дотор 5 осол гарч 4 хүний амь нас үрэгдчихээд байхад удирдлагууд нь хариуцлага хүлээхийн оронд баяр ёслол тэмдэглэж, амарч зугаалж байгаа сураг дуулдаж байна. Ослоос урьдчилан сэргийлэх талаарх ажил хийсэн тухай мэдээлэл алга.
Албан тушаалын наймаагаа улс дамнуулан хийж сүржигнэж байсан энэ байгууллагын удирдлагыг эргэн харж асуудлыг ярих цаг болжээ. 5 хүний амь нас тийм хямдхан хэрэг биш. Эрдэнэт хүний амь насаар тоглоод байх нь энэ төмөр замчдын яруу алдар биш нь лавтай. иймээс удирдлагаас нь хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг юм. Иймээс УБТЗ-ын дарга Жигжиднямаатай хариуцлага тооцохоос өөр гарц үлдээгүй гэж төмөр замчид тайлбарлаж байна. Ийм осол гарчихаад байхад урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл гаргахгүй, мөн осолд амь насаа алдсан иргэдийн ар гэр, ард олноос уучлал хүсэхгүй байгаа нь хариуцлага хүлээх том шалтгаан гэж төмөр замчид тайлбарлаж байгаа юм.