Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох эсэхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал яаралтай шийдэх ёстой. Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэдийгээр өөрийн хүслээр гэх боловч үнэн хэрэгтээ эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн таалалд нийцээгүй. Хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн учраас МАН-ын удирдах зөвлөлөөс түүнийг огцруулах дээр гараа өргөсөн. Мөн Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьсан билээ.
Уг асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх болоход С.Батболд өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. 2018 оны 12 сарын 10 өдрөөс хойш Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг үүрэг гүйцэтгэгчээр аргалж байна.
НИТХ-ын хурал болж С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж 23 төлөөлөгчийн дэмжлэг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд батламжлахаар НИТХ-аас уламжилсан билээ. Гэвч Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нь нийслэлийн засаг даргад олонхийн дэмжлэг авсан гэх С.Мөнхчулууныг дэмжих боломжгүй гэж үзлээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан баасан гарагт болохоор төлөвлөгдсөн. Гэвч уг хуралдаан хойшилж энэ сарын 28 өдөр болох төлөвтэй байна. Тэгэхээр Нийслэлийн засаг даргыг сонгох үйл явц дахин 7 хоногоор хойшлох бололтой.
Нийслэлийн төр захиргааны байгууллагын шат шатанд авлигын асуудал байгаа талаар шуугих болсон. Тухайлбал НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгэн хуралдааны үед 20-иод хүн АТГ-т шалгагдаж байна. Тэднийг төрөөс явуулах хэрэгтэй хэмээв.
Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилчидтай АТГ-аас уулзахдаа Авлигатай тэмцэх тухай хууль зөрсөн цөөнгүй албан тушаалтан байгааг анхааруулж, алдаа дутагдлаа засахыг үүрэг болгож байжээ.
Авлигатай тэмцэх газраас жил бүр Төрийн байгууллагын үйлчилгээнд үнэлэлт өгөх зорилгоор Шударга байдлын үнэлгээг явуулдаг. Уг үнэлгээгээр тухайн байгуулллагын авилгад өртөх магадлалыг гаргадаг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хувьд 2015 онд 72.8 оноо, 2016 онд 71.3 оноо, 2018 онд 67.7 оноо авсан буюу улсын дунджаас доогуур оноо авч жил дараалан буурч хангалтгүй үнэлэгдсэн. Нэг үгээр хэлбэл С.Батболдын үед Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагч, хурган дарга нарын хувьд иргэдэд чирэгдэл учруулж, хүнд суртлыг бий болгож, авлигатай тэмцэх хуулийн зарим зүйл заалтыг зөрсөн гэсэн үг
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон түүний харъяа агентлагийн 45 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг дээр үндэслэн төлөвлөгөөт болон өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгажээ. Уг шалгалтаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, бусдад автомашин худалдсан орлого, хадгаламжийн дансны үлдэгдэл, хувь эзэмшдэг компанийн гүйцэтгэх удирдлагыг бусдад нэр төдий шилжүүлж компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд авдаг, эд хөрөнгийн түрээсийн орлогоо мэдүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Эдгээрээс 15 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Зарим албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 22.10-т заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газар болон түүний харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хойрго ханддаг талаар Авлигатай тэмцэх газраас удаа дараа гомдол гаргах болжээ. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу нэг жилийн цалингаас илүү хэмжээтэй хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргэсэн. Гэвч эрх бүхий албан тушаалтан нэр бүхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж хариуцлагыг бууруулсан зэрэг дутагдлыг гаргадаг байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2018 онд Нийслэлийн засаг даргын тамгын газар түүний харьяа агентлагын албан тушаалтнууд холбогдсон авлигын 29 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт мөрдөн шалгасан хэргийг өнгөөр ангилбал Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон 22 хэрэг, хахууль авах 5 хэрэг, хахууль өгөх 3, бусад төрлийн гэмт хэрэг 5 шалгагдсан байна. 2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин өссөн байна. Дунд шатны 1 албан тушаалтны хахуульд авсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан хохиролын хэмжээн хэд хэдэн тэрбумаар хэмжигдэж байна. Гэвч энэ бүхэн улс, эх орноосоо, бид өөрсдөөсөө, үр хүүхдийнхээ ирээдүйгээс хулгайлж байгаа юм шүү гэдгийг бид хаа хаанаа ухаарах цаг болсон. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон цөөн хэргийг дурдвал,
- Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан
- Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга болон ерөнхий нягтлан бодогч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн, 2012-2017 онуудад өөрсдийн хамаарал бүхий 9 компаниудаар дамжуулан 1,5 тэрбум төгрөгний мөнгийг хувьдаа завшсан
- Нийслэлийн өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуй нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан улмаар удаа дараагийн үйлдлээр хахууль авсан,
- Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан,
- Зорчигч Тээврийн Нэгтгэл газрын удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин зах зээлийн дунджаас хэт өндөр үнээр бараа материал худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх зэрэг болно.
- НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн нар нь МУ-ын ЗГ-ын тогтоолын дагуу БЗД-ийн нутаг дэвсгэрт шинээр баригдах дулааны станцын газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх явцдаа БЗД 8-р хороонд оршин суух иргэнээс танай газрыг ийм өндөр үнээр үнэлэхгүй 200 сая гаран төгрөгөөр л үнэлэх болно, бид хөөцөлдөж байж 550 сая төгрөгөөр үнэлгээ хийлгэлээ энэ мөнгөө ав гэж тулган шаардаж зөвшөөрүүлэн тус бүр 30 сая төгрөгийг хясан боогдуулах замаар хахууль болгон авсан,
- ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу 7 иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх хуурамч мэдээллийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд оруулахын тулд иргэнээс хахууль авсан, мөн өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд буюу Нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулсныхаа хариуд мөн хахууль авсан,
- БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гүйцэтгэх захиралнь ААН-ийн орлогын албан татвар, НӨАТ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татваруудыг багасгаж, татвар төлөхөөс зайлсхийхийн тулд БГД-ийн татварын байцаагч, ХУД-ийн татварын байцаагч нарт болон болон Авто тээврийн эрх бүхий албан тушаалтанд хахууль өгсөн. 150 тн машины даацыг татвар багасгахын тулд 40 тн болгох гэж Авто тээврийн газрын бүртгэгчид хахууль өгсөн.
гэсэн дүгнэллтийг Авилгатай тэмцэх газраас Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажилтнуудтай уулзахдаа мэдээлэл болгон өгч байсан байна.
Иймээс Нийслэлийн засаг даргаар томилогдох хүнд тавигдах эхний шалгуур бол сүлжээ мэт болчихсон нэг нэгнээ хамгаалдаг, хаацайлдаг, албан тушаалаа хамгаалж үлдэг гаж тогтолцооны аргамж болсон дарга нарыг халж чадах зангарагтай хүн хэрэгтэй байна.