Манай улс 1997 онд Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг баталж байжээ. Эдүгээ 20 мянга орчим төрийн бус байгууллага албан ёсоор бүртгэлтэй аж. Гэвч, тэдгээрийн талаас илүү нь идэвхгүй. Гэрчилгээгээ ширээнд хадгалаад л байж байдаг гэсэн үг. Үлдсэн үйл ажиллагаатай хэсгийнх нь ердөө хоёр хүрэхгүй хувь нь тайлангаа тавьдаг гэсэн тоо баримт харагдаж байна.
Иргэний нийгмийг хөгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэж, хүний эрхийн төлөө, боловсролын, цөөнхийн эрх ашгийг хамгаалахын тулд, ардчиллын төлөө, байгаль орчныг хамгаалахаар, соёл урлаг, спортыг сурталчлахаар төрийн бус байгууллага байгуулах эрхтэй. Гэтэл хүн амтайгаа харьцуулахад бид хэтийдсэн их ТББ-тай болчихсон байх юм.
Тооноос гадна чанарын тухайд авч үзэхлээр бүр ч хэцүү. Мэдээж, сайн жишиг болсон ажилтай төрийн бус байгууллага байдаг. Нөгөө талд нь нам улс төр дагасан уриа лоозон бүхий элдэв ТББ-ууд жин дарна. Тийм ТББ-ын ард мөнгө нуугддаг, улс төрийн зорилгод үйлчилдэг, хэн нэгэн улс төрчийн халаасны газар болчихсон зэрэг нь үнэндээ бидэнд ил тод харагддаг. УИХ-д суугаа гишүүн бүр ямар нэгэн ТББ-ын тэргүүн байх жишээтэй. Зарим нь бүр хэд хэдэн ТББ тэргүүлнэ. Түүнийгээ санхүүжүүлнэ. Улмаар сонгуулийн үеэр ТББ-аа ашиглах, улс төр өрнөсөн үед ТББ-аа хөдөлгөх гэхчилэнгийн явцуу эрх ашгаа хамгаалахаар бамбай болгож, “нохойд барьдаг мод” мэд хөгжүүлсэн нь худлаа биш. Монгол ардын намд хамаарах 15 ТББ, Ардчилсан намд хамаарах 15, МАХН-д хамаарах нэг төрийн бус байгууллага байна гэсэн мэдээллийг www.burtgel.mn сайтад ил тод болгосон байгаа юм. Жишээ нь “Босоо хөх монгол” ТББ-ын үйл ажиллагаа гэхэд ямар хандлагатай байдгийг олон нийт хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Терроризмын эсрэг олон улсын байгууллагууд “төрийн бус байгууллагаа цөөл өө, тэгэхгүй бол хар жагсаалтад орно” гэдэг анхааруулгыг өгдөг гэж бодохоор яалт ч үгүй цэгцлэх ёстой асуудал гэж ойлгогддог. Хар жагсаалтад орвол мэдээж, маш олон хориг арга хэмжээ авахуулна.
1997 оны хууль батлагдсанаас хойш нийтдээ дөрвөн удаа шинэчилье гэсэн санал гарсан байдаг юм байна. Гэвч, хуулийн шинэчлэл хэлэлцүүлгийн шатнаас даваагүй аж. Төрийн түшээдийг түшсэн төрийн бус байгууллагуудаа хэрхэн цэгцлэх вэ гэдэг асуудал бидэнд нэг өдөр тулгарах л бололтой.