С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар 2 сарын 26-нд дахин өрсөлдөнө

С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар 2 сарын 26-нд дахин өрсөлдөнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь НИТХ-ын ээлжит бус хуралдааныг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Өмнө нь хуралдсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан завсарлаагүй байгаа. Тус хуралдаанаар Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг томилох эсэхийг хэлэлцэж шийдсэн билээ. Тус хуралдаанд 43 төлөөлөгч оролцов. Нийслэлийн засаг даргад НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдсөн юм. Ингээд нууц санал хураалт явуулахад  24 төлөөлөгч нь С.Мөнхчулуун, харин 19 төлөөлөгч нь С.Амарсайхан нарыг дэмжиж, олонхийн дэмжлэг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох эсэхийг батламж өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлахаар болж тогтоод түр завсарласан билээ.

Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд НИТХ-аас ирүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн засаг даргаар томилохыг хүссэн албан бичигт татгалзсан хариулалтыг өгөв.  У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулууныг дэмжих боломжгүй гэх товч бөгөөд тодорхой хариулалтыг өглөө. Үүний цаана нь С.Мөнхчулуун нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн фракц буюу зүүний хүчний холбооны төлөөлөл биш. Харин түүний хувьд УИХ-ын гишүүн М.Энхболдын толгойлдог хотын фракцын төлөөлөл. Тэр дундаа Ц.Сандуйгийн гарын хүн гэх хандлага нь Ерөнхий сайдын татгалзах үндэслэл болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

С.Мөнхчулууны хувьд Нийслэлийн засаг даргад дахин өрсөлдөх болно гэдгээ мэдэгдчихлээ. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдөх эсэх нь тодорхой бус байна. Гэхдээ хөшигний цаана өрнөж байгаа үйл явдлаар таамаг дэвшүүлэх юм бол С.Амарсайхан дахин өрсөлдөх нь тодорхой. Гагцхүү НИТХ-ын олонхийн дэмжлэг авахын тулд НИТХ-ын төлөөлөгчдийнхөө итгэлийг олохоор уулзалт хийж эхэлсэн мэдээлэл байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 45 төлөөлөгчтэй. Үүний 34 төлөөлөгч нь МАН, харин үлдсэн 11 төлөөлөгч нь АН-ын мандаттай билээ. Нийслэлийн засаг даргыг томилох хуралдаанд 45 төлөөлөгчийн 43 нь оролцсон юм. МАН-ын 33 төлөөлөгч, АН-ын 10 төлөөлөгч уг хуралдаанд оролцсон билээ. С.Мөнхчулууны хувьд МАН-ын 14 төлөөлөгч, АН-ын 10 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан. Харин С.Амарсайханы хувьд МАН-ын 19 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан юм. Энэ харилцаа өөрчлөгдөх эсэхийг 2 сарын 26-нд болох НИТХ-ын ээлжит бус хуралдаан шийдвэрлэх юм.

С.Мөнхчулууны  хувьд өмнө нь дэмжсэн МАН-ын 14 төлөөлөгч, мөн АН-ын 10 төлөөлөгчийн дэмжлэгээ дахин хадгалах. Үүн дээр нэмээд МАН-ын 2-3 төлөөлөгчийг татах, АН-ын 1 төлөөлөгчийг татах ажлыг хийхээр ярьж байгаа гэнэ.

Харин С.Амарсайханы хувьд өмнө нь өөрийг нь дэмжсэн 19 төлөөлөгчийн саналыг хадгалах. Нэмээд МАН-ын 3-5 төлөөлөгчийг өөртөө татах ажлыг хийхээр болжээ. Түүний хувьд АН-ын төлөөлөгч нартай ч уулзаж өөртөө татахыг оролдох сураг дуулдаж байна.

2 сарын 26-нд болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дахин С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар Нийслэлийн засаг даргын төлөө өрсөлдөх нь тодорхой. Нэмж өөр хүн өрсөлдөх тухай яриа огт гарахгүй байна.

Хэрэв НИТХ-аас С.Мөнхчулуун дэмжлэг авсан нөхцөлд шууд Нийслэлийн засаг даргаар ажиллана. Ингэсэн  нөхцөлд Ерөнхий сайдаасаа дэмжлэг үгүй хотын даргатай болж болзошгүй юм аа.