ЦАГДААГИЙН АХМАД Б.ПҮРЭВДОРЖ: ИРГЭД ЦАХИМААР ХУУРАМЧ ХАЯГ НЭЭН ЗАЛИЛДАГ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСООР БАЙНА

ЦАГДААГИЙН АХМАД Б.ПҮРЭВДОРЖ: ИРГЭД ЦАХИМААР ХУУРАМЧ ХАЯГ НЭЭН ЗАЛИЛДАГ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСООР БАЙНА

Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусадад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны  хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах  байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа

Цахимаар зарын дагуу эрх сэргээх, ангилах ахиулах зэрэг  ажил  үйлчилгээг төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь жолооны үнэмлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг.  Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группуудээр жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад иргэд цахим хаягны цаана хэн байгааг мэдэхгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд  мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна.

 

Ямар  аргаар иргэдийг залилсан бэ?

Хуурамч зараа элдэв аргаар иргэдэд итгүүлэн мөнгийг нь авч хохироосон байдал их байна.  Иргэн Л, Г нар бүлэглэн 70 шахам иргэдийг хууран мэхлэж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон  Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Ангилал ахиулах, эрх сэргээх, үнэмлэх олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ?

Цахимаар болон зар мэдээллээр  эрх сэргээх, ангилал ахиулах ямар ч боломжгүй. Жолооны сургуульд орж, сургалтын гэрээ байгуулан, зургаан дүүрэгт энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй сургуулиудад шалгалт өгч байж, ангилал ахиулан эрхээ сэргээнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох болон зөрчлийн оноо хасуулсан иргэд 3 цагийн сургалтад хамрагдснаар тэнцсэн тохиолдолд манай төвөөс үнэмлэхээ авах боломжтой.

Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй, түр үнэмлэхээр  замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар олон байгаа. Хэзээнээс энэ үйл ажиллагаа эхлэх вэ?

Цагдаагийн ерөнхий газартай тендэр авсан компанитай  гэрээгээ хийсэн. Нийлүүлэлт нь 2019 оны 04 дүгээр сарын 15 наас хийгдэнэ. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр Монгол шуудан компаны захиалгын утсанд хандаж авч болно. Мөн Дүнжингарав төв, Драгон төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Нийлүүлэлт эхлэхээр бид 20-30 хоногийн дотор  хэвлэж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоо   шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 47000 иргэдийн материал ирсэн байгаа.

Иргэддээ хандаж ямар  сэрэмжлүүлэг хүргэх вэ?

Хуурамч хаягаар төрийн байгууллагын үйл ажиллагааг хүргэдэг мэт залилан хийдэг иргэдээс болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна. Энэ төрлийн бүх үйлчилгээг манай төвөөс зохион байгуулж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх байна.

 

Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал