Монгол Улс хуулийн засаглалтай орон юм, уг нь. Гэвч хуулийг гууль битгий хэл хог шороо болгосон үг, үйлдлүүд улстөрчдөөс үер шиг сул асгарч байна. Үндсэндээ, ямар ч хууль дүрэмгүй улс болчихлоо. Ойрхоны үйл явдлаас илүү тод харж болохоор аж. Тухайлбал, “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” гэх төрийн бус байгууллагынхан АТГ-ын даргыг 72 цагийн дотор огцрохыг тулган шаардаж, үймж гүйлдлээ. Огцрохгүй бол УИХ-ын дарга асан М.Энхболдыг өрөөнөөс нь чирч гаргана гэдэг шиг юм болох нь л дээ.
Хариуд нь АТГ-ын даргыг ингэж гурав хоногт огцор гэж шаардах нь хууль бус үйлдэл, Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын даргыг огцруулах, чөлөөлөх эрх хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байдаг гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тулган шаардах бичиг нь сүрдүүлэг, заналхийллийн өнгө аястай байгаа нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болон Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Авлигатай тэмцэх газрын даргаар хэнийг томилох вэ гэдэг саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ-д өргөн барьж, баталж, томилдог. Төрийн тусгай албаны дарга. Хуулиар хамгаалагдсан.
Ерөнхийлөгч гуравдугаар сарын 1-ний дотор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргасан байгаа. УИХ-ын дарга ч хуралдуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал дотор АТГ-ын даргыг чөлөөлөх тухай асуудал орж ирэх нь ойлгомжтой болж ирж байгаа юм.
Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргыг солих гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийж, АТГ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг санал асуулга ч явуулаад амжсан. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан санал асуулгад нь түрүүлж ч байв. Төрийн тэргүүний хувьд энэ удаа ямар нэгэн үндэслэл гаргаж, одоогийн даргыг чөлөөлөхийн тулд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” гэх төрийн бус байгууллагыг эвлэгхэн гэгч хөдөлгөчих шиг боллоо. Манай улсын нийт хүн амыг төлөөлөх ямар ч боломжгүй, дурын нэг ТББ-ынхан гүйж очоод төрийн тусгай албаны даргыг амбаардаад гудамжинд гаргачихаж байна л даа, үндсэндээ. Хуулийн хүрээнд энэ асуудлыг хөндөлгүйгээр ийм драмчилсан, зохиомжилсон байдлаар шийдэхлээр нийгэмд яаж шударга ёс тогтох вэ дээ. Тэр тусмаа тусгай албаны даргыг томилох, чөлөөлөх эрх мэдлийг дурын нэг ТББ эзэмших шахуу хэмжээнд аваачиж, хуулиар засаглах чадамжийг үгүй хийж байгаа нь хортой. ТББ гэдэг бол хэсэг хүмүүсийн сайн дурын нэгдэл байдаг. Хэн нэгэн улстөрчийг дагасан төрийн бус байгууллагынхан ард түмний нэр барьж явдаг байдал нийгэмд бүр төлөвшчихжээ.