АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид гавьяат хуульч Л.Бямбаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарсан.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний авлига өгсөн, авсан гэх хэрэг гарч, үүнд талийгаачийг хамжигчаар оролцсон гэж үзэн сэжигтнээр татаж 48 цагийн хугацаатай саатуулсан байжээ. Энэ хэрэгт талийгаачтай хамт таван хүнийг сэжиглэн баривчилсан юм байна. Талийгаачийн ажлын өрөө болон хувийн байранд нь нэгжлэг хийхэд тодорхой баримтууд гарч ирсэн учраас сэжиглэн саатуулж байсан гэдгийг АТГ-аас мэдээллээ. Одоогоор энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.
АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэн шалгаж эхлээд байсан. Тухайлбал, дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчийг шалгаж байгаа. Тэгвэл эдгээр шүүгчийн нэг С.Төмөрбатыг талийгаачийн хүү гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байгаа юм.