ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид гавьяат хуульч Л.Бямбаа өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан хэрэг гараад байгаа билээ. Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийж, талийгаачийг Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбогдуулан авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэгт хамжигчаар татан баривчилж, 48 цаг саатуулсан. Энэ хугацаанд харамсалтай хэрэг гарсан байна гэдгийг хэлж, хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөх ёстой гэж мэдэгдсэн. Тэгвэл үүний дараа ШШГЕГ-ын зүгээс "Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалт явуулж байгаа учраас шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох болно” гэлээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр талийгаачийн өөрийн гараар бичсэн гурван ширхэг гэрээслэл нь хэргийн газраас олдсон байна.
Болсон явдлыг тодруулбал, хуульч Л.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байжээ. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчим талийгаач өмсч байсан хувцсаараа хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байна. Л.Бямбаа нь суллагдахаасаа таван цагийн өмнө өөрийгөө боомилсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Талийгаачийг АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэргээр Н.Мөнгөншагайн хамтаар түр саатуулсан байж. Гэхдээ Салхитын мөнгөний ордын хэрэгтэй ямар байдлаар холбогдсон нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан 461 дүгээр ангид хоригдож байхдаа уулзалтын өрөөнд амь насаа алдсан хэрэг гарч байсан юм. Түүнийг "Петро чайна дачин тамсаг" компанитай холбогдуулан авлигын хэргээр шалгаж байх явцад хорих 461 дүгээр ангид олны нүдэн дээр өмгөөлөгчтэйгөө уулзах гэж хүлээж байхдаа нас барсан байдаг. Тухайн үед түүнийг зүрх нь хаагдсан гэж мэдээлж байв.