Өнөөдөр "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн мэдээлэл хийлээ. Тэд гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайд “ЖДҮ хулгайчдыг хэвтүүл” уриатай жагсаал зохион байгуулах гэж байгаа аж. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан жагсах гэж байгаа тус хөдөлгөөний тэргүүн Э.Тамир "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбоотой хэргийг орхигдуулж байна. Энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад жирийн ард иргэд авч яагаад болдоггүй юм. Тиймээс ЖДҮ-ийн асуудал хөндөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр яваа хэсэг залуус нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийг эхлүүлсэн" гэдгийг хэллээ. "Хэвтүүл" хөдөлгөөнөөс хуулийн байгууллагад жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна.