Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын ажлыг эрчимжүүлнэ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 259 км хүнд даацын авто замын төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх ажлын явцыг эрчимжүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт үүрэг болгов.
Дээрх чиглэлийн замд үүссэн эвдрэлийг засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэхийг холбогдох компанийн удирдлагуудад даалгалаа.
Авто зам нь дөрвөн эгнээтэй, 115 тонн ачаа, нэг тэнхлэг дээрээ 24 тонн ачаа даах чадвартай тусгай зориулалтын зам юм. Авто зам тавьснаар тээвэрлэлт одоогийнхоос хоёр дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдэн, эдийн засагт үр өгөөжөө өгч, орон нутаг хөгжин, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж тооцоолж байна.
Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ
Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.
Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил энд Транспорт” компани боловсруулсан бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина.
Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн байна. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Авто замын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын дүнг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ.
Тариаланг дэмжих сан 2018 оны 09 дүгээр сарын 31-ний байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөг байна.
Мал хамгаалах сан зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад дахин зээл олгосон зөрчил илэрсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай гэж дүгнэжээ.
Боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлж байна.
Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуулинд тодорхой заасан ч зөвхөн авто зам ашигласны төлбөрөөр санхүүжиж, бусад эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцлийг хангаагүй байна.
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгодог. Гэвч иргэд үүнийг мэддэггүй учир зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгож иржээ. Торгох ялын төлбөрийн 60 хувийг санд төвлөрүүлж байгаа ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон торгох ялын төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлж төсөвт оруулж чадаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй гэж үзжээ.
Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.
Дээрх сангуудын талаар цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Тавдугаар сараас түүхий нүүрс хэрэглэхгүй
“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ онд 32 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал:
- Халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхөд шөнийн цахилгааны үнийн урамшуулал олгох
- Сайжруулсан түлшээр гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмж, орон сууцжуулах
- Насжилт өндөр болон дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хязгаарлах
- Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх
- Сайжруулсан түлшийг Төрийн болон бусад банкаар дамжуулан зээлээр түгээх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх
- Дөрвөн цэгт хяналтын пост ажиллуулж, түүхий нүүрсийг ахуйн хэрэгцээний зориулалтаар хот руу оруулахаас сэргийлэх
- Гэр хорооллын 17 цэцэрлэгийг цахилгаанаар хангах
- Эрсдэлт бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.
Хийсэн ажлаа тавдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад даалгалаа.
Товч мэдээ
- Хувиараа таксины үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг Нийслэлийн тээврийн газар 100 мянган төгрөгөөр торгож эхэлснийг зогсоолоо. Иргэдийн халаас руу гар дүрж, торгох нь буруу гэж Монгол Улсын Ерөнхий сайд үзэж, салбарын сайдад чиглэл өгсөн байна.
- Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 2017, 2018 онд гарсан шүлхий, хонины цэцэг өвчний улмаас зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт болсон гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох, гамшгийн голомтод ажилласан алба хаагч, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт найман тэрбум төгрөг олгохоор болов.
- “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь хувь хүний өгөгдлийг хамгаалах, ил тод, иргэн төвтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй засаглалыг эрхэмлэх, төр, иргэн, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах, төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар авах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилготой юм. Хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ.
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Зэвсэгт хүчний 303 дугаар ангийг Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндоржийн нэрэмжит болгов.