Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр “Asiana Airlines”, “Jeju Air”, “T'way Air” болон “Eastar Jet” гэсэн дөрвөн компани өрсөлдөж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас "Asiana Airlines" компани Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр шалгарсан гэдгийг зарласан байна. Ингэж агаарын тээврийн хоёрдогч авиа компани нислэг үйлдэж эхэлснээр тийзний үнэ уян хатан болох боломжтой болж байгаа юм. Одоогоор "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэлснээр тийзний үнэ 20-40 хувиар хямдарна гэсэн тооцоо байгаа аж.
"Asiana Airlines" нь БНСУ-ын агаарын тээврийн хоёрдогч томоохон компани бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх бүх бэлтгэл хангагдсан талаар мэдэгджээ. Asiana Airline компани Инчёон-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа, Бусан-Улаанбаатар чиглэлд Air Busan долоо хоногт нэг удаа нисэх юм байна.