Хорих 461-р ангид саатуулагдаж байсан гавьяат хуульч Л.Бямбаа өөрийгөө боомилсон байдалтайгаар амиа алдсан хэрэг гараад байгаа. Өнөөдөр хуульчид хамтран мэдээлэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан юм. Талийгаачийг ар гэрийнхэн, үр хүүхдүүд нь “Манай ээж амиа хорлох сул дорой нэгэн биш. Сүүлийн үед улс төрчид Монголын шүүх, шүүгчдийг улс төрийн тоглоом болгон ашиглаж байна” гэдгийг хэлсэн.
Болсон хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэвлэлийнхэнд дараахь тайлбарыг өгчээ.
Ц.Нямдорж: Хоёр ажлын хэсэг гарсан. Шалгалтын ажил явагдаж дууссаны дараа хариуцлагын асуудал яригдана. Одоогоор хэн нэгэнд хариуцлага тооцоогүй байна. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайлбал, ямар шалтгаантай нас барсныг шалгаж байна. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байгаа. Уг шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Шалгалтын дүн гарсны дараа хуулийн байгууллага эцэслэнэ. Ийм эмзэг асуудлаар аль, аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудал дээр маш болгоомжтой хандах ёстой. Надад танилцуулга, мэдээлэл ирсэн. Албан ёсоор шалгасны дараа явуулж, мэдээллээ өгөх байх. Энэ асуудлыг АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулж, маргааш нь авч явж байцаасан гэх мэт сэтгэл санааны хүнд байдал байж байгаад л энэ осол гарсан. Тэр шалгалт нь зөв явагдсан, буруу явагдсан гэдэгт прокурор хяналт тавьдаг. Талийгаач бид хамтдаа Улсын прокурорт нэг конторт сууж байсан. 10 гаруй жил нэг конторт ажилласан.
Хорих ангид хүн амиа алдсан хэрэг өмнө ч ийм асуудал гарч байсан, одоо ч асуудал гарсаар байна. Цаашид ч асуудал гарахгүй гэх баталгаа алга. Ямар ч гэсэн шалгалтын дүнг л харж байна.