Улаанбаатар хот 1,3 сая хүн ам оршин суудаг. Тус хотын захирагч нь буюу Нийслэлийн засаг дарга нь эзэнгүй 76 хоног өнгөрчихлөө. Энэ хугацаанд Нийслэл хотод хийгдсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого гэх зүйл бараг алга.
Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан С.Батболдыг чөлөөлөх гол үндэслэл нь Улаанбаатар хотын утаатай тэмцэх ажлыг хангалтгүй хийсэн гэдэг шалтгаан. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж тавьсан.
Нийслэлийн засаг даргаар өмнө нь сонгогдох эрхийг НИТХ-аас өвөртөлж чадсан ч У.Хүрэлсүхийн мутарт очоод буцсан эрхэм бол С.Мөнхчулуун. Түүний хувьд МАН доторх зүүний хүчний холбооны төлөөлөл биш учраас Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй.
Харин өчигдөр болсон НИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанаас 25 төлөөлөгчийн санал өвөртөлж, ялалт байгуулсан С.Амарсайхан бол Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлдог зүүний хүчний холбооны төлөөлөл. Тэр дундаа У.Хүрэлсүхийн баруун гар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн. Энэ утгаараа У.Хүрэлсүхээс шууд дэмжлэг авна. Заавал хуулийн хугацааны хоног хүлээхийн оронд яаралтай батламжилж, ажилд нь оруул.
Нийслэлд шийдэх ёстой, шийдвэрлэх шаардлагатай олон ажил байна. Өмнөх засаг даргын үед хэрэгжүүлсэн ХАШАА нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлмээр байна. Мөн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажлыг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Үүний зэрэгцээ 2019 онд өрнөх зам, засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдахгүй эрт эхлүүлэх ажлыг хиймээр байна.
Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг БСШУСЯ-тай хамтарч эрт эхлүүлэх ажлыг Нийслэлийн засаг дарга хэрэгжүүлмээр байна.
Үүний зэрэгцээ 2019-2020 оны өвөлд Улаанбаатар хотын утаа ядаж л 30% буурах шаардлагатай байна. Үүнийг хийхийн тулд маргааш биш өнөөдөр ажилдаа ормоор байна. Энэ ажлыг гардан хийлгэхийн тулд өөрийн хүнээ уг суудалд суулгасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо С.Амарсайханг батламжилж ажилд нь оруулах нь өнөө маргаашийн чухал ажил чинь болчихоод байна.
Улаанбаатар хотын иргэн бүрийн эрүүл мэндэд заналхийлж байгаа утаа, тоосжилт, хөрсний бохирдол, хог гэх мэтээс нэн тэргүүнд салгах бодлого чухал байгааг Нийслэлийн засаг даргад нэр дэвшин НИТХ-ээс дэмжлэг аваад байгаа С.Амарсайханд даймаар байна.