“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах тухай мэдээллийг нууцаас гаргалаа

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах тухай мэдээллийг нууцаас гаргалаа

2016 оны сонгуулийн өмнө Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг оросуудаас худалдаж авсан гэх шинэ мэдээг дуулгаж байсан.  Тэгвэл Засгийн газраас өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн тэрхүү хувьчлалтай холбоотой Засгийн газрын шийдвэр бүхий 11 хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсноо мэдээллээ. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32-р тэмдэглэлээр  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах хөрөнгөгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид худалдах тухай танилцуулгыг хаалттай хуралдаанд хийсэн. Худалдаа хөгжлийн банкны О.Орхон өмчлөлийн хувьд энэ хуралдаанд оролцож байгаа гэдгээ тодотгосон байгаа юм. Энэхүү хуралд “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Мөнхбаатар нар оролцсон. Энэхүү хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлд оруулсан байсныг өнөөдөр Засгийн газраас нууцын зэрэглэлээс гаргаж байна" гэлээ.

2016 онд нийтдээ 400 сая орчим ам.доллараар “Монголын зэс” корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт бий гэнэ. Энэ санхүүгийн баримтуудад шалгалт хийхэд Монголбанк, Сангийн яамнаас зээл авч энэхүү наймааг хийсэн гэх үндэслэл гарсан аж. Тиймээс өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд хэдэн төгрөг нь төрөөс орсон, хэдэн төгрөг нь Худалдаа хөгжлийн банкны өөрийн хөрөнгө байсан эсэх асуудлыг шалгах ажил хуулийн шатанд явж байгаа юм байна. Мөн өнөөдөр энэ асуудлыг ҮАБЗ-ийн хуралд танилцуулахаар болсон гэдгийг хэллээ.