Өнөөдөр Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг тавилаа. Энэхүү байгууламжийг барихад БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Зээлийг хорин жилийн хугацаатай олгож байгаа бөгөөд эхний долоон жилд хүү төлөхгүй. Түүнээс хойш жилийн 2 хувийн хүүтэй. Цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барих бөгөөд Хятадын компани 50 хувийн ажлыг, Монголын компани 50 хувийн ажлыг хийж гүйцэтгэх аж. Барилгын материалыг дотоодоосоо хангахаар болсон юм байна.
"Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж"-ийн шав тавих ёслол оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт амласан бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна, одоо бид хурдан хийж гүйцэтгэх дээр илүү анхаарна гэж мэдэгдэв.
Уг төслийн нийт өртөг 267 сая ам.доллар. Хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байх нь. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа аж.