Өчигдөр орой "Эко алтан заамар" компанийн уурхайд хөрсний нуралт үүсч, экскаватор машин 80 метрийн гүн рүү осолдсон хэрэг гарсан. Ослын улмаас зургаан хүн нурангид дарагдаж, хоёрыг нь аврах багийнхан гаргаж аван, Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэсэн байна. Үлдсэн дөрвөн хүнийг гаргахаар өчигдөр оройн 19:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас найм, нийт 20 аврагч дайчлан, хоёр нисдэг тэргээр тус уурхайд аврах ажиллагаа явуулжээ. Аврах ажиллагаа явуулж байгаа багийнхан нурангид дарагдсан дөрвөн хүнийг амьд байх магадлал тун бага гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нурангид дарагдсан дөрвөн хүнийг олоогүй байна.
Аврах ажиллагаа явуулахад уурхайн хиймэл нуураас үүдэн хөрс нурж байгаа учраас хүндрэлтэй байна гэдгийг газар дээр нь ажиллаж байгаа албаныхан хэлжээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “Уурхайд хөрсний нуралт болсныг газар хөдлөлттэй уялдуулж ойлгож болохгүй. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтооно” гэсэн байна. Одоогоор "Эко алтан заамар" компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм байна.