Сүүлийн хоёр өдөр нийслэлчүүд өөрсдийн төлөөллийн байгууллагаа ямархуу өнгө төрхтэй ажиллаж байдгийг нүдээрээ харлаа. Хотын даргыг сонгох, НИТХ-ын даргыг нөхөн томилох хоёр өдрийн хуралдаанаас нийслэлийн парламентын бодит дүр зургийг тольдлоо. Үүнээс өмнө НИТХ-ын хуралдаан олон нийтийн анхаарлын гадна байв. Хаа нэг тэргүүлэгчдийн хурлын мэдээ хэвлэлээр гардгийг эс тооцвол 1,5 сая иргэн нь ч төдийлөн ойшоож байсангүй. УИХ-ын чуулганаа үзэж, тэр гишүүн тийм үг хэллээ. Энэ нь ингэж ярилаа, ийм гишүүн байдаг юмуу, танихгүй юм байна гэхчилэн өвөр зуураа ярилцдаг суудаг бид "хотын УИХ"-ын гишүүдтэй сая л танилцаж эхэллээ.
Хурлын дэг барьдаггүй, ишиг хурга майлалдаж байгаа мэт 45 нөхөр бидний амьдралын чухал, чухал асуудлуудыг хэлэлцэх гэж ёстой л "гурилддаг" байж шүү. Тухайлбал, өчигдрийн НИТХ-ын хуралдаанд согтуу төлөөлөгчид сууж байгаа тухай шуугилдлаа. Өглөө 09:00 цагт эхлэх байсан хурал согтуу улсуудынхаа архийг гартал хүлээхээр болж, үдээс хойш 15:00 цаг хүртэл хойшилсон байх жишээтэй. НИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгч Э.Бат-Үүл "Согтуу улсаа гаргаарай, Иргэдийн төлөөлөгчөөр согтуу хүн суухгүй шүү. Иргэд ирэхээр хөөгөөд гаргадаг байж согтуу иргэдийн төлөөлөгчөө хөөгөөд гарга л даа. Согтуу хүнд дэгийнхээ дагуу арга хэмжээ авна уу" гэж байх. Мөн НИТХ дэх Ёс зүйн хорооны дарга С.Одонтунгалаг "Өнөөдөр зарим хүмүүс архи уусан, согтуу байгааг олон төлөөлөгчид ярилаа. Хүмүүс өөрсдөө харж байгаа учраас би заавал энд нэр дурдаад яахав. Цаашдаа ийм ёс зүйгүй, үг хэлээр дайрсан ийм байдалтай төлөөлөгчдийг Ёс зүйн хороогоор оруулдаг болно" гэж анхааруулж байна билээ.
Уг нь нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргаж ажиллаарай гэж сонгосон төлөөлөгчид маань НИТХ-ын даргыг сонгох чухал асуудал хэлэлцэж байхад "чухал" царайлж болно доо, зурагтаар гарч байгаа юм чинь гээд. Гэтэл бүр хээвнэг хөлчүүрхэн, хар яр гэлцэж, эрх ашгаа булаалдан нэг нэгнийхээ дээр гарах гэж ярзаганалдаж байх юм.
Жирийн иргэдэд хууль бол хууль л байдаг. Согтууг нь барьж аваад саатуулчихдаг. Тэгвэл эрх ямбандаа эрдсэн НИТХ-ын хэдэн төлөөлөгчдөд хариуцлагыг хэрхэн яаж тооцох вэ гэдгийг бодолцох цаг болж дээ.