Хуульч Л.Бямбаа агсны хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандорж өнөө өглөө АТГ-ын зохих албан тушаалтнуудтай уулзахаар очсон. Гэвч түүнтэй уулзахаас татгалзсан. Тэгвэл үдээс хойш Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Мэдээллээс товчлон хүргэж байна.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэлэхдээ “Талийгаачийг 2019.2.21-ний өдөр 12.00 цагт прокурорын дуудах хуудсаар байгууллага дээрээ дуудан ирүүлсэн. Гэрчийн мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зайлшгүй газар, объектод нэгжлэг хийх шаардлага гарсан. Ингээд Нийслэлийн прокурорын газарт танилцуулаад талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, өөрийн амьдарч буй гэрт нэгжлэг хийсэн. Тэр өдрийн 14.00 цагт эхлээд 21.00 цаг дуусах хүртэл нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан. Баримтуудыг үндэслэл болгон Эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах зайлшгүйгээр шүүхийн тогтоолгүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон. Ингээд бид тухайн өдрийн 23.50 цагт сэжигтнийг баривчлах тогтоолыг үйлдсэн. Прокурор 00.40 минутад хэргийн материалтай танилцаж зөвшөөрлийг олгосон. Үүний дараа талийгаачийг цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Прокурорын байгууллагаас нотлох баримт хангалттай цугларсан байна гэж үзээд тухайн хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдээд бидэнд ирүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол болон сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17.10 минутад бид шүүх дээр хүргэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээд ямар нэгэн зөрчилгүйгээр хийгдэж шүүхэд хүргэгдсэн. Ингээд сэжигтнийг баривчилсан тогтоолыг 17:10 цаг гэхэд шүүхэд хүргэсэн. Тухайн өдөр 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу процесс зөрчилгүй бүрэн хийгдсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг хүлээгээд 48 цагийн хугацаа дуусч, суллаж авъя гээд очиход нас барсан байдалтай олсон гэдэг мэдээллийг бидэнд өгсөн" гэж болсон процессыг тайлбарлалаа.
Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нар хорих 461 дүгээр ангид очиж нөхцөл байдалтай танилцсан. Тэдний хэлж байгаагаар 100 камерыг нэг хүн хянадаг байна. Хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр найман хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг дуулгасан.
Хэрэг явдал болсноос хойш зургаан хоногийн дараа буюу өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд нь үдэж, ар гэр, үр хүүхдүүд, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хамт олон нь салах ёс хийжээ.