Гуравдугаар сарын 1-ний өдрийг эх орончдын өдөр болгон тэмдэглэсэн МАХН-ынхан “Эх орончдын өдөр-Залуусын баяр” хэмээх хурлыг зохион байгуулжээ. Хурлын үеэр Нийслэлийн МАХН-ын даргаар Э.Эрдэнэжамъянг сонгосон байна. Ингэснээр тус намынхан залуустаа итгэл үзүүлж, цаашлаад төв байгууллага, нийслэлийн намын хороондоо залуусын хүч, дэмжлэгийг төвлөрүүлэх зорилго тавьсан ажээ. Э.Эрдэнэжамъян нийслэлийн МАХН-ын даргаар сонгогдсоныхоо дараа “Шинэ гарц-Шинэ нийслэл” сэдвээр илтгэл тавьж, “Залуусын хүсэл мөрөөдлийг бий болгохын төлөө МАХН ажиллах болно. Нийслэлд амьдарч буй хоёр сая орчим иргэн ямар хэцүү нөхцөлд аж төрж байгааг хэн бүхэн мэдэж байгаа ч үүнийг засч залруулахад төр төдийлөн сайн ажиллахгүй байна. Утаа, бохирдлыг арилгах асуудлыг бизнес болгон харж байгаа нь харамсалтай. Тэгвэл бид нийслэлийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг тал бүрийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран судалгаа явуулж, шийдэл гаргасан байгаа. Тодруулбал, шинэ нийслэлтэй болж, иргэдээ ажилтай, орлоготой, цалин тэтгэврийг 2,5 сая болгож, залуусынхаа амьдрах орчинг бүрдүүлж болох юм гэдэг шийдвэр гаргасан. Үүнийгээ МАХН-ын аа мөрийн хөтөлбөрт тусган Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Ирэх сонгуульд мөрийн хөтөлбөртөө багтаасан тэрхүү ажлуудаа хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дан ганц нийслэлийг зохион байгуулаад зогсохгүй дахин найман дагуул хотыг байгуулах боломжтой” хэмээн онцолжээ.