"Эко алтан заамар" компанийн уурхайд ноцтой осол гарч, уурхайчид амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны 17 цагийн орчимд тус уурхайд хөрсний нуралт болж, талбайд ажиллаж байсан зургаан хүн осолдон, хоёр нь эсэн мэнд олдож, дөрөв нь нурангид дарагдсан юм. ОБЕГ-ын аврагчид бүтэн хоёр хоног өдөр шөнөгүй ажиллаж байж хоёр уурхайчны цогцсыг тогтсон нуураас гаргаж авав. Одоо хоёр уурхайчныг эрэн хайсан хэвээр байна.
Газар дээр нь ОБЕГ-ын аврагчид, цагдаа, шүүх, МХЕГ болон компанийн ажилчид, Орхон, Булган аймгийн ОБГ-ын аврагчид нийлсэн 230 орчим алба хаагчид ажиллаж байгаа аж. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Осол болсноос хойш 4 өдөр болж байна. Энэ хооронд осолдсон хоёр хүний цогцсыг гаргасан. Одоо хоёр хүнийг хайж байна. Уснаас болж эрлийг явуулахад хүндрэл их гарсан. Мөн давчуу орон зайтай байна. Ус их байгаа учраас дээгүүр нь хүнд даацын машин явах боломжтой далан байгуулж, тогтсон усыг дундуур нь тусгаарласан. Урт хоолой хийж, эрлийн талбайд байгаа усыг соруулан гадагш нь гаргаж байгаа. Насос ажиллуулж усыг соруулж байна. Эрлийн ажиллагааг усан орчинд явуулж байна. Аврагч нар шумбалт хийж, хоёр хүний цогцысг олсон. Метр гаруй гүнтэй усны доор хоёр метр орчим лаг шавар тогтсон байгаа юм. Гэтэл далангийн хананаас маш их хэмжээний ус гоожиж, бид тасралтгүй соруулж байна. Олон талаар эрлээ хийж үзэж байна. Металл хайчаар экскаваторыг хайж үзлээ. Гэтэл мэдэрсэнгүй. Лаг шавар дотор экскаватор, осолдсон хүн байгаа. Эрлийн талбайн хананд том том мөс хөлдчихсөн. Тэр мөс манай хүмүүсийн дээрээс нурах аюул бас байна. Бульдозерыг өчигдөр ус соруулсаар байгаад үзүүрийг нь гаргаад ирсэн. Троссоор дээш нь татсан ч лаг шавар дотор байгаа учраас дийлж гаргаж чадахгүй байна. 70 тонн жинтэй. Аль болох хурдан олох ямар боломж байна, тэр бүхнээр ажиллаж байна" гэж хэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохих шалгалтуудыг хийж, дүгнэлтээ танилцуулахад бэлэн болжээ. Гэхдээ тэд зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө гэж мэдэгдээд байгаа юм. Юутай ч осол болсон карьерын дээр 10 орчим метр гүн хиймэл нуур үүссэн. Карьерын дээр нуур үүсгэснээс нуралт гарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Тухайн өглөө ээлжинд гарсан ажилчид экскаватор, бульдорзертой газар шорооны ажил хийж байж. Гэтэл гэнэтхэн далангийн шороо нурж, хад чулуу 80 метрийн өндрөөс унаж эхэлжээ. Энэ үед талбайд ажиллаж байсан уурхайчдаас хоёр нь зугтаж эсэн мэнд үлдсэн байна. Тэд Улаанбаатар хотод ирж эмчлүүлээд, өнөөдөр нэг нь эмнэлгээс гарчээ. Нөгөө нь эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж. Өндрөөс их хэмжээний шороо чулуу нурж тогтмол нуурын ус тэр хавьд цацалж байжээ. "Экскаватор, бульдорзерын жолооч нар талбайд ажлаа хийж байсан учраас далангийн хана нурж байгаа дуу чимээг сонсоогүй байх. Чөлөө завгүй ажиллаж байсан учраас техникээсээ ч бууж амжаагүй. 70 тонн жинтэй бульдозер нуралтын үед хажуу тийшээ унаж харагдсан" гэж тухайн үед байсан ажилчид ярьсан байна.
Осолдсон уурхайчдыг эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Гэтэл яг энэ үетэй зэрэгцэн салбарын сайд Д.Сумъяабазар Канадын Торонто хотод олон улсын уул уурхайн чуулга уулзалтад оролцож, Монголын хөгжлийн хурдасгуур болсон том төслүүдээ танилцуулж явна гэх мэдээлэл хөвөрч буй. Хариуцсан салбарт нь стандарт ямар хэмжээнд алдагдсаныг харуулсан харамсалтай хэрэг болж, дөрвөн сайхан залуу амиа алдан, ард нь гэр бүл, үр хүүхдүүд нь хагацал үзэж үлдэж байхад Д.Сумъяабазар сайд уучлал гуйх ёстой байтал баяр бахдалын шинжтэй зүйлс ярьчихсан дэлхийн нөгөө бөөрөнд гүйж явах юм.
Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй 31 настай Б нарын дөрвөн хүн осолдсон. Уурхайчдын ар гэрийнхэнд туслахаар иргэд өөрсдийн санаачилгаар хандивын дансыг нээжээ.