Гадныхан их сонин хүмүүс шүү. Ямар нэг хэрэг болохоор л "би буруутай" хэмээн уучлал хүсч, толгой гудайлган зогсч харагддаг. Тэр дундаа өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсын улс төрчид бол хамгийн түрүүнд ийм үйлдэл хийнэ. Их л хачирхалтай. Тийм сул дорой юм уу? эсвэл их өрөвч, өр зөөлөн хүмүүс юм уу гэж зарим иргэн асууж, нэгнээ нударч байгаа харагддаг юм.
Харин Монголд бол нөхцөл байдал шал өөр шүү дээ. Хүүхэд байхаасаа л хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж сураагүй. Ээж аав нарын сургасан зарчим ч бас л тийм байсан. Тухайлбал тэнтэр тунтар алхаж яваад ширээ мөргөөд унаад уйлахад ширээнд бурууг өгч аав ээж нар ширээг зодож хашраана. Эсвэл хаа хамаагүй хэн нэгнийг буруутган "хүүхэд харж байхгүй яасан юм вэ? чамаас л боллоо" хэмээн сэтгэлээ онгойтол зандрах нь уйлж байсан жаахан хүүхдэд урам өгөх шиг л сайхан шүү дээ. Яг л энэ зарчмаар өндийсөн, өндөрлөг гарсан хүмүүс бусдын буруутай үйлдэл яахаараа хамаатай байдаг юм.
Хууль зүй, дотоод хэргийн салбарт хамаарах газар бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар. Түүний харьяа хорих ангиуд гэж болно. Хэдхэн хоногийн өмнө ШШГЕГ-ын харьяаа урьдчилан хорих 461-р ангид 48 цаг саатуулагдсан Монгол Улсын Гавьяат хуульч Бямбаа гэгч эмэгтэй амиа алдав. Саатуулагдах хугацаа нь дуусч байсан. Хэдхэн цагийн дараа суллагдах гэж байгаа эмэгтэй гэнэт л шөнө дунд амиа хорлосон гэх хачирхалтай мэдээллийг түгээв. Үнэн худал нь үл мэдэгдэх цуурхал бүхий мэдээлэл чих дэлсэж л байна. 3 ширхэг гэрээслэл олдсон л гэнэ. Бямбаа нь Салхитын мөнгөний ордны хэрэгт хамжигчаар оролцсон л гэнэ. Нэр төрөө хамгаалахын тулд амиа алдлаа л гэнэ. За бас мэдээж амиа хорлолт биш харин захиалгат аллагын золиос болчихлоо гэх цуурхал ч нийгмийн сүлжээнд хөвөрч л байна. Харин ар гэрийнхэн нь бурхан болоочийг амиа хорлох хүн биш, сэтгэлийн хаттай, аливаа асуудлыг ухаалгаар шийдэж чаддаг нэгэн байсан хэмээн ярьж байна. Мөн түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, гэнэт л цагдан хорьж, харин сүүлд нь цогцсыг нь өгсөнд гайхаж, бас гомдож байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа мэдэгдлээ. салбарт нь ийм хэрэг болчихсон байхад сайд Ц.Нямдорж сайн болон муу үгийг эс унагаав. Хаа байсан 4-р цахилгаан станцын урд байрлах 461-р ангийн хорих өрөөнд болсон хэрэгт гэртээ амарч байсан Ц.Нямдорж сайдад энэ хэрэг ямар хамаа байх билээ гэж өмөөрч болох л юм. Гэхдээ л ...
Эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, эх орноо хамгаалахаар мордсон 18 настай хүү ээжийнхээ эргээд ирэхэд нь үнсье гэсэн захиас үгийг нь биелүүлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлчихлээ. Дайны талбарт эх орныхоо төлөө тулалдсангүй. Энхийг сахиулагчийн бие бүрэлдэхүүнд багтаж, эх орны нэрээ өндөрт өргөх үүрэг бас хүлээгээгүй. Харин энхийн цагт эр хүн болж төрсөн, эх орондоо тангараг өргөх эр цэргийн алба хаах үүргээ ухамсарласан учраас л тэр ээждээ нэг хацартаа үнсүүлж, нөгөө хацартаа эргэн ирж үнсүүлэх итгэл өвөртлөн мордсон. Харин хүний нялх үрийг хайрлах сэтгэлгүй, хатуу тарчлаагч нэгэн зодуур гэгчийг яргаллаар зовлон зүдгүүрт тарчлаан амь насыг нь авч одлоо. Зэвсэгт хүчний Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид алба хааж байсан байлдагч А гэгч нь амь насаа алдсан хэрэг хэдэн сарын өмнө гарсан билээ. Түүнийг цэргийн үндсэн шаардлагын ачаалал даахгүй амиа алдсан гэх мэдээллийг өгсөн ч хачир дээрээ зодуурын улмаас амь насаа алдсан байх магадлалтай гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан билээ. Ар гэрийхэн ч ийм л шалтгааны улмаас амиа алдсан байх магадлалтай хэмээн таамаглаж суугаа гэдгээ хэлсэн байдаг. Уг хэргийг цагдаагийн газраас шалгаж, тус ангийн 2 албан хаагчийг цагдан хориод байна.
Нэг хэрэг нь намжаагүй байхад батлан хамгаалахын салбарт бас л дахиад л нэг хэрэг дэгдлээ. Тодруулах юм бол Зэвсгэт хүчний 310 дугаар ангийн албан хаагч Г нь авто машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол талийгаач Г нь ангийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу элсний карьеарт гэмтэлтэй зогсч байсан зил-130 маркын авто машиныг засах явцдаа амь насаа алджээ. Зэвсэгт хүчний 310 дугаар анги нь Налайхын орчимд байрлах "Найман шарга" гүүний саамны амралтын ойролцоо байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын бариулж байгаа амины орон сууцны хорооллын барилгын ажлын засварыг гүйцэтгэж байгаа гэх мэдээлэл байна. Үүний улмаас байлдагч Г амь насаа алдсан байх магадлалтай гэх мэдээлэл гараад байна. Ийнхүү салбарт нь хоёр ч цэргийн албан хаагч амь насаа алдсан байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ганц үг ган хийсэнгүй. Бас л бөх зүрх шүү. За даа тэр бас л тэртээ хол болсон хэрэгт албан тасалгааны өрөөндөө сууж байсан надад ямар хамаа байх билээ хэмээн бодож суугаа ч байж мэдэх юм.
Хариуцлагагүй үйл ажиллагаа хэрхэн хүний аминд хүрч болдогыг хэдхэн хоногийн өмнө бид харлаа, үзлээ. Эко алтан заамар" ХХК-ийн ил уурхайд нуралт үүсч 2 техник унаж, 4 иргэн амь насаа алдав. МХЕГ-аас гаргасан урьдчилсан үзлэгээр уурхайн нуралт нь далангаа буруу байрлуулсан, мөн уурхайн ухалтыг норм журмын дагуу хийгээгүйгээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн байна. Онцгой байдлын албан хаагчид 80 метрын гүн ухагдсан нүхнээс амь насаа алдсан 4 иргэний цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна. Нөхцөл байдал маш хүнд, дахин нуралт үүсэх эрсдэлтэй, мөн хөрсний усны шүүрэлт зогсохгүй байгаа зэргээс шалтгаалан аврах ажиллагаа олон хоногоор үргэлжилж байна хэмээн ОБЕГ-ын дэд дарга Ууганбаяр мэдэгдсэн юм. Уг ослын улмаас 2 иргэн хүнд бэртэж, өнөөдөр эмчлүүлж байна. Уурхайчдын биеийн байдал маш хүнд байгаа тухай албаны эх сурвалж өгүүллээ. Ийнхүү уул уурхайн салбарт осол гарч 4 хүн амь насаа алдсан энэ цаг мөчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар гадаадад хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбараа танилцуулж явна. Явж байгаа ажил нь зөв ч ганц үг ган хийх сэтгэл тэр хүнд бас л дутлаа.
Уул уурхайн салбарт хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал ямар чухал болохыг эндээс харж болно. Гэрэл зурагчин Бямба-Очирын харьцуулсан зургийг та харж байна. Эхнийх нь Оюу толгойн ил уурхай, Харин хоёр дахь нь осол болсон Эко алтан заамар ХХК-ийн уурхай.
Салбарт нь осол гарсан л биз. Салбарт нь санамсаргүй байдлаар иргэн хүн амь насаа алдсан л биз. Тэгсэн болгонд толгой бөхийлгөж, уучлал гуйж, ухамсар дорой царай гаргах шаардлага байхгүй. Хүүхэд байхад л сургаж ирсэн миний буруу байсан ч бусдын л буруу байх ёстой хэмээх ойлголт нь өнөөдөр улс төрчдөө өмөөрөх ганц сэжим юм болов уу? Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэх мэргэн үг Монголчуудын аман ярианд хөвөрсөөр л байна. Уг үгийн утга агуулга нь дээрээсээ хариуцлагатай байж, доошоо шахах ёстой гэх ухагдахуун болов уу хэмээн өчүүхэн би ойлгодог юм. Харин манай том дарга нар надаас өөр ойлголтой бололтой.
Харин хөгжилтэй орны улс төрчид бол өөр хэрэг. Тэд хамгийн түрүүнд уучлал гуйж, албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгддөг. Энэ бол том соёл, том ёс суртахуун. Бас ажлын хариуцлага гэдэг анхан шатанд бус хамгийн дээд шатандаа байх ёстой гэдгийг үлгэрлэж чаддаг өндөр соёл юм болов уу.
Харин Монгол улсын сайд дарга нар хэн нэгэн жараахайд хариуцлага хүлээлгэж, өөрөө өрөөндөө, суудалдаа шигдээд л суухыг илүүд үздэг нь дээр өгүүлсэн 3 жишээнээс харагдаж байна. Салбарт нь эрдэнэт хүний амь нас эрсдэж, хариуцлагагүйн хаврын хар шороон салхи шуурч байхад нүд нь боолттой, чих нь бөглөөтэй, чимээгүй сууж, амаа үдүүлсэн мэт авирлахыг илүүд үзжээ.
Салбарт чинь осол гарч 4 хүний амь нас эрсдчихлээ Д.Сумьяабазар сайдаа!!!, салбарт чинь санамсаргүй гэхэд дэндүү хачин байдлаар хоригдож байсан эмэгтэй амь насаа алдчихлаа сайдаа. Энэ нэг биш удаа гэдгийг өнөөдөр та хамгийн сайд мэдэж байгаа шүү дээ. Нэг юм дугараач сайд Ц.Нямдоржоо!!!, Салбарт ч эр цэргийн алба хааж, эр хүн болчихоод ирнэ гэж ээж аавдаа үнсүүлэн, эр хонгор дуугаар тангараг өргөж зогссон эр цэргийн албан хаагч хөвгүүд ээлж дараалан амь насаа алдлаа. Амь насаа алдсан шалтгааны цаана энэ салбарт бугшсан, даргад үйлчилдэг далдагнуур зангийн золиос байж болзошгүй байна. Үүнийг анхаарч өөрөө үг дугараач ээ Н.Энхболд сайдаа!!!
Суудалдаа тийм л их хайртай юм бол огцрох биш юм гэхэд олон нийтийн өмнө гарч ирээд уучлал гуйчих ухаан дутсан Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Сумьяабазар нарыг хаврын чуулганы эхэнд огцруулах саналыг ЖДҮ-дийн эсрэг тэмцэх болно хэмээсэн АН-ынхан ба 60 тэрбумынхан хавсарч байгаад ховхлож хариуцлага гэгчийг ухамсарлуулаач ээ.
Б.Ууганбаяр