Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческийг хүлээн авч уулзав.
Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш бүх талаар тууштай дэмжиж ирсэн АНУ-ыг гуравдагч хөрш, ойр дотны түнш гэж үздэгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө байна гэв.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ Элчин сайд Майкл С. Клечески илэрхийлэв. Цаашид улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбар болон ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.