"Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
М.Мөнхбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөл болон Улсын ерөнхий прокурорын газарт өнөөдөр гомдол хүргүүлж байна. ШЕЗ бол шүүгчийн хараат бус байдлыг хангадаг байгууллага. Л.Оюун-Эрдэнэ сайд манай компанийн захирал Ц.Пүрэвтүвшинг хоригдсонтой холбоотой шүүх хурал өнөө маргааш болох гэж байгаа, шүүгч нар хэрхэн шийдэхийг харъя гэхчлэн шүүгчийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдэж байж гэм буруутай нь тогтоогддог. Гэтэл шүүхээс шийдвэр гараагүй байхад манай компанийг мөнгө угаасан гэдэг хэргээр ялыг нь аль хэдийн бэлдчихсэн юм шиг ярилаа. Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувиар баталгаа гаргуулж, Стандарт банкнаас зээл авсан“Жаст”-ийн Ш.Батхүүгийн шүүх хурлын үйл явц дарагдаад өнгөрлөө. "Эрдэнэт" үйлдвэр дээр онц байдал зарлана гэж ЗГХЭГ-ын дарга мэдэгдсэн. Үйлдвэр дээр онц байдал зарлана гэхээр яадгийг мэдэхгүй байна.
Өчигдөр би өмгөөлөгчтэй явж байсан. Өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталсан учраас өнөөдөр өмгөөлөгчгүй явж байна. Би нэлээд хэдэн өмгөөлөгчид хандсан. Ийм асуудалтай, өмгөөлөх боломжтой юу гээд хандахаар "Асуудлыг үзье" гээд 30 минутын дараа татгалздаг. Дарамтаас үүдэлтэй л гэж бодож байна. Үндсэн хуульд иргэн өмгөөлөгч авч, түүгээр эрх ашгаа хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл би өнөөдөр өмгөөлөгч авахад хүнд нөхцөлд орж байна. Би хувь хүнийхээ хувьд тагнуулын байгууллагад хэд хэдэн удаа гомдол өгч байсан. Тодорхойгүй машинууд байнга араас дагадаг. Утасны зай маш амархан дуусдаг асуудал байна гэдгээр удаа дараа гомдол өгч байсан. Прокурорын байгууллагад ч гомдол өгсөн боловч шийдээгүй.