Засгийн газрын саяхны хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн оруулсан асуудлыг хэлэлцэж, "Түрээсийн сурах бичиг"-ийн үйлчилгээний журмыг мөрдүүлэхээр боллоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа нэгэн ярилцлагадаа "12 дугаар анги төгсөгчдийн асуудал хүнд байна. Систем нь нэвтэрсэн боловч, энэ олон жил 12 дугаар анги төгсөгчдийн сурах бичгийг боловсруулж дуусалгүй өнөөдөртэй золголоо. Үүнийг системийн алдаа гэхээс өөр үг олдохгүй байна. Боловсролын шилжилт нь хүүхдийг туршилтын талбар болгох ёсгүй" гэж хэлсэн байдаг юм. Монгол Улс бага, дунд боловсролын тухай хуулиа өөрчилж, 2007 оноос 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжихээр болж байв. Бага, дунд, ахлах ангид тохирох сургалтын төлөвлөгөөг боловсруулан 2007-2008 оны хичээлийн жилд анхны туршилтыг хийсэн юм. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрөхөд боловсролын тогтолцооны шилжилт чамгүй олон алдааг араасаа дагуулсан байдаг. Тухайлбал, малчдын зургаан настай хүүхдүүд сургуульд ороход эцэг эхийн аль нэг нь малаа харж үлдэн, нөгөө нь хүүхдээ дагаад сумын төвдөө очдог, үүнээс үүдэж гэр бүл салалтын асуудал өнгөрсөн хугацаанд их гарсан гэдэг. Мөн сурах бичгийн асуудлыг нэр мөр болгож шийдээгүй, нийт сурагчдын 40 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг, түрээслэдэг. Бүр 12 дугаар ангийн сурах бичгийг боловсруулаа ч үгүй байгаа гэхчилэн олон хөндөх ёстой асуудал гарсан юм билээ.
Цагаан сарын өмнө шинээр томилогдсон Ё.Баатарбилэг сайд ажлаа авангуут "Янз бүрийн төсөл хөтөлбөр туршихгүй" гэж мэдэгдсэн. Мэдээж, түүний хувьд 2020 он хүртэл ердөө жил гаруйн хугацаа үлдсэн байхад элдэв шинэ санаачилга гаргаж, өөр дээрээ гал дуудаад яахав гэж хувь улстөрчийн шийд гаргаа биз. Уг салбар нь бол олон жил элдэв төсөл, хөтөлбөрт туршигдаад бүр туйлдчихсан ийм л салбар.
Сурах бичгийг хэвлэхээр тендерт шалгарсан хэвлэлийн компаниуд тендерээ булаалдан шүүхдэлцээд явчихдаг, сурах бичиг хэвлэх ажил дунд нь гацдаг, жил дамнаж уддаг асуудал гардгийг мөн л салбарын сайдаар нь ажилласан хүн хэлсэн. Саяын засгийн шийдвэр бол үнэндээ их ядарсан шийдвэр гэмээр. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, орсон орлогыг сурах бичгийг хэвлэхэд зарцуулах юм билээ. 1-5 дугаар ангийнхан сургуулиасаа үнэгүй сурах бичиг авдаг. Харин түүнээс дээших ангийнхан номын дэлгүүрээс сурах бичгээ аваад, дараа жил нь доод ангийнхандаа арай хямд зардаг. Гэтэл хөдөө орон нутаг алслагдсан бүсэд номын худалдаа тэр болгон байхгүй, бүх сурах бичгээ мөнгөөр авч чадахгүй айлын хүүхдүүд ч бий. Нийгмийн хөгжлийн суурь болсон хамгийн гол салбартаа хөрөнгө оруулалт хийж, ядахнаа хүүхдүүдээ сурах бичгээр бүрэн хангаж чадахгүй байгаа ийм орон хөгжлийн тухай том мөрөөдөхөд хэцүү л юм. Үндсэндээ хүүхдүүдийн сурах бичгүүд хоцрогдох маягтай болчихлоо шүү дээ. Үүн дээр нэмээд сурах бичгийн боловсруулалт, агуулга гэж бүр том асуудал ч бий. Уг нь яам өөрөө хэвлэх үйлдвэрээ сэргээж, өөрөө хэвлэчихвэл сурах бичгийг бизнес болгосон энэ байдлаас холдох л байх. Барьж аваад, давж гардаг бол Ё.Баатарбилэг сайдад хийх ажил ёстой мундахгүй. Халгаж тойролгүйгээр, 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн энэ олон жилийн үйл явцыг одоо яг жигдэлж, алдаа оноог нь нэг сайн зангидчих сайдын зангараг гарах юм болов уу, харцгаая.