О.ОРХОН: Гэрээсээ ажил руугаа явах замд гэнэт хууль бусаар баривчилсан

О.ОРХОН: Гэрээсээ ажил руугаа явах замд гэнэт хууль бусаар баривчилсан

Дөнгөж сая, Худалдаа хөгжлийн банкны удирлагууд, гүйцэтгэх захирал О.Орхон нар мэдээлэл хийлээ. Өчигдөр шөнө хорих 461 дүгээр ангиас суллагдсан О.Орхоны ярьсан зүйлийг дор сийрүүлэн хүргэе.

О.Орхон: Улс төрийн зорилготой, эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор явагдаж байгаа зүйл гэж үзэж байна. Өчигдрийн баривчилгааг та бүхэн харсан байх. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалтай холбоотой өнгөрсөн оны дундуур нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг надаас авсан. Дахин огт мэдэгдээгүй, өчигдөр гэрээсээ ажил руугаа явж байхад гэнэтийн хууль бус баривчилгаа явуулсан. Ингэхдээ зарлан дуудаж ирүүлэх боломж байсаар байтал огт мэдэгдэлгүй шууд тусгай хүчнийг ашиглаж террорист баривчилж байгаа юм шиг л баривчилсан. Ингэхдээ ямар учраас яагаад гэдгийг огт хэлэлгүй, хүчлэн баривчилсан. Энийгээ урьдаас төлөвлөсөн байсан гэдэг нь нотлогдож байгаа юм.  Урьд өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл хийхэд зарим залуусыг шоронд орж буйд харамсаж байна гэснээс нь харагдаж байгаа юм. Энэ бол хүний эрх, хуулийг ноцтой зөрчсөн. Баривчлаад надаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахад заавал ингэж баривчлах шаардлагагүй байсан. Улс төрийн золиос болж байна гэдгийн шалтгаан нь Монголын улс төрд байсан, байгаа, цагдаа шүүхийн байгууллагад ажиллаж байсан бүх газрын цаана нэг байгууллага, нэг хүн байсан мэтээр мэдээлэл цацаж байсан.

Хууль бус учраас гомдол гаргаж, өчигдөр орой суллагдсан. Улс төрийн зохион байгуулалттай ажиллагаа явагдаад байгааг баримтаар ярья. Засгийн газар нууц протоколыг 2016 оны 11 сард нууцаас гаргасан байдаг. Эх хувиараа нийтлэгдсэн байсан. Протоколоос гадна тэр схем бол "Эрдэнэт"-ийг худалдан авах ажлын хэсгийн гаргасан схем. Энэ схем хууль шүүхийн байгууллагаар нотлогдсон зүйл биш. Энэ схем дээр буруу, санаатай санаандгүй алдаатай зүйл бий. Дараа нь энэ тухай бид та бүхэнд дэлгэрэнгүй ярих болно. Учир нь харилцагчийн нууцтай холбоотой зүйл бий. Нотлогдсон факт баримт мэтээр Оюун-Эрдэнэ сайд танилцуулсан. Зөвхөн өөрөөс нь өөр үнэн гэж байхгүй мэт өрөөсгөл алдаатай мэдээлэл хийсэн. Хуадлдаа хөгжлийн банкийг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа. Манай байгууллага 29 жилийн турш хэдэн зуун аж ахуй нэгж, иргэд төрийн байгууллагад маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол манай банкны үндсэн бизнес. "Монголын зэс корпораци"-д өгсөн тэр санхүүжилт хуулийн хүрээнд хийгдсэн. Мэдээж, маш том гэрээ хэлцэл болсон гэдэг утгаараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан. Бид давуу байдал олгоогүй. Хувийн банк өөрийнхөө дүрэм журмын дагуу зээл олгосон. Энэн дээр албан тушаалаа урвуулсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Харилцагч нартаа хэлэхэд энэ хугацаанд Худалдаа хөгжлийн банкны нийт харилцагч, түнш байгууллага, хадгаламж эзэмшигчдэдээ талархал илэрхийлье. Банк хэвийн ажиллаж байгаа.  Цаашид ч гэсэн төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Хүний эрх, компанийн эрх зөрчигдсөн хууль бус ажиллагаа явуулсанд харамсаж байна гэлээ.