Д.Эрдэнэбат: Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан

Д.Эрдэнэбат: Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сүүлийн үед үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт томилолттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Энэ хуралдааны тэмдэглэл Засгийн газрын хуралдааны 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан. Гэхдээ үүнийг “Ростех”-ийн бичгийг орчуулалгүй нийтэд тараасан байна. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Хвьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш, ярьсан. Төр өөрөө худалдан авах боломжгүй байсан. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Засгийн газар зөв шийдвэр гаргасан гэдэгтэй өнөөдрийг хүртэл санал нийлдэг. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллах хэрэгтэй" гэлээ.


Мөн "Бид хаврын ээлжит чуулганы эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн сонголтоо хийсэн. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болно гэсэн үг биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Бидэнд завсарлага авах боломж л алдагдана" гэж ярив.