"Эко алтан заамар" компанийн уурхайд хөрсний нуралт болж, талбайд ажиллаж байсан дөрвөн уурхайчин амь насаа алдсан харамсалтай осол гарсан. Ослын талбайд аврагчид 10 орчим хоног ажиллаж байж, нас барсан хүмүүсийн цогцсыг гаргаж авсан юм. Нөхцөл байдал газар дээрээ ямархуу байсан талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан осолд Онцгой байдлын алба хаагчид ес хоногийг зарцуулж нийт 36 алба хаагч ажилласан. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал, 78 метрийн өндөртэй гүнд орж эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Хана маш их мөстэй байсан. Гэтэл цаг агаар дулаарч байгаа учраас мөс хайлж, унаж байсан. Ус хананаасаа маш их хэмжээгээр байнга нэвтэрч байсан. Тиймээс осолдсон иргэдийг гаргаж авах баримжаа авахад хүндрэлтэй байсан. Усыг хаасан боловч далан нэвтрэлт үүссэн учраас ус соруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, 1000 гаруй метрийн урттай хоолой залгаж усыг сорууллаа. Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Усчин аврагчид 20-30 минут шумбалт хийгээд гарч ирээд дагжин чичирч байсан. Мөн шороотой ус залгиж, шумбагч нар шалбааг сорсноос шумбалтын тоног төхөөрөмж эвдэрч, түүнийг засахад нэлээдтэй цаг зарцуулсан. Шороотой ус залгина гэдэг эрүүл мэндийн хувьд маш ноцтой асуудал. Өнөөдөртөө аврагчид маань залуу насны эрч хүчээр, тушаал биелүүлэх үүрэгтэй тул хүнд нөхцөлд ажилласан ч цаашид чөмөг хөлдөх ч эрсдэл дагуулах учраас шумбалтыг болиулсан.
Бид осолдсон сүүлийн иргэнийг бүтэн олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хоёр техникийг гаргаж ирээгүй. Компанийн зүгээс техникээ гаргуулж авах шаардлага тавиагүй” гэлээ.
Мөн нуранги болсон нь газар хөдлөлттэй холбоотой эсэхэд "Бид нутгийн иргэдээс нь сураг сонсоход газар хөдлөлт мэдрэгдсэн гэж ярьсан байсан. Гэхдээ уурхай нурсан нь газар хөдлөлтэй шууд холбоотой эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоосны дараа л мэднэ. Тэгэлгүй шууд холбоотой гэж хэлж болохгүй байх. Энэ асуудал дээр мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас гаргана" гэдэг хариултыг өгөв. Аврах ажиллагаанд зарцуулагдсан бүх зардлыг "Эко алтан заамар" компани хариуцжээ.