-АТГ-ын мөрдөн байцаагч хууль зөрчиж миний ээжийг цагдан хорьсонд маш их гомдолтой байна-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсын гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач ямар учраас амь насаа алдсаныг тогтоохоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэж Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, цагдаагийн байгууллага тус тусынхаа хамаарах хүрээнд хэргийн талаар тайлбар өгсөн ч салбарын сайд нь албан ёсны нэгдсэн мэдээлэл хийгээгүй л байна. Талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхдүүд “Миний ээж амиа хорлох хүн биш. Ямар нэгэн гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан. АТГ хууль зөрчин баривчилгаа хийсэн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар шүүгч Л.Бямбаа агсны том хүү Захиргааны хэргийн шүүгч С.Төмөрбатын "Өдрийн сонин"-ы гуравдугаар сарын 1-ний дугаарт өгсөн ярилцлагыг дор хүргэж байна.
-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Сүүлийн үед таны ээжийн амь насаа алдсан асуудалтай холбоотойгоор янз бүрийн мэдээлэл яваад байна. Танд мэдэж байгаа зүйл байна уу. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Манай гэр бүлийн амьдралд үнэхээр хүнд хэцүү цаг үе тохиолдож байна. Ээж минь хорих ангийн өрөөнд амь насаа алдчихлаа шүү дээ. Юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ойлгож чадаагүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний санаанд багтмааргүй ор үндэслэлгүй худал мэдээлэл ар араасаа цувран гарч байна. Амьдралынхаа турш чин шударгаар амьдарч ирсэн ээжийн минь талаар нэг л өдөр бүх зүйлийг нь харлуулсан худлаа мэдээлэл гараад эхэлсэн. Ямар учраас, ямар зорилготойгоор зохион байгуулалттай гэмээр мэдээлэл яваад байгааг ойлгохгүй байна. Би нэг л зүйлийг үндэслэлтэй, баримт нотолгоотой хэлж чадна. Миний ээж амиа хорлох тийм сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид энэ хэрэгтэй холбоотой асуудлаар нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар үнэндээ мэдээлэл алга байна. Миний ойлгож байгаагаар хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа байх.
-АТГ-аас танай ээжийг ямар шалтгаанаар саатуулан шалгасан юм бэ. Ээжийг тань баривчилж байгаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Энэ сарын 21-ний 21:00 цаг орчимд аав руугаа утсаар залгаж ярьсан. Тэр үед ээжийг шалгаж байгаа талаар огт мэдээгүй байсан. Аав, ээжийнхээ биеийг асууж, гэрээр сонин сайхан юу байгаа вэ гэхэд аав “АТГ-ын гэх хүмүүс ирчихсэн манайд нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Би ч тэр даруйд нь аавынхаа гэр рүү явсан. Намайг очих үед гэрт нэгжлэг хийсэн АТГ- ынхан яваад өгсөн байсан. Аав “Ямар учраас гэрт нэгжлэг хийсэн бэ гэдгийг мэдэж чадсангүй. Ээж чинь сураггүй болчихлоо”гэсэн. Тэгэхээр нь ээжтэй хамт ажилладаг ажилтан руу холбогдсон. Тэр хүн өдрийн 12:00 цагийн үед АТГ-ын алба хаагчид орж ирээд ажил дээр нэгжлэг хийлээ. Танай ээжийг аваад явчихсан” гэсэн. Ингээд бид АТГ руу шууд очсон. Шөнийн 02:00 цаг хүртэл тэнд байсан. Маргааш нь өмгөөлөгч авсан. Ингээд Цагдан хорих төвд очсон. Ээжийг өмгөөлөгчтэй уулзуулах гэтэл Цагдан хорих төвийнхөн “Манайд таны үйлчлүүлэгч байхгүй. АТГ- ынхан аваад явсан” гэж хэлсэн. Бид буцаад АТГ дээр ирсэн. АТГ-аас ээжийг тэнд байгаа эсэхийг олон удаа асуусан боловч ямар нэгэн хариу огт өгөөгүй. Мөрдөгч нар нь утсаа авахгүй байсаар ажлын цаг дуусгачихсан. Бидэнд өгсөн мэдээллийн дагуу 24 цаг саатуулаад суллах юм байна гэж ойлгосон. Ээжийгээ хаана байгааг мэдэж чадаагүй. 48 цаг саатуулаад суллах юм байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Өдөржингөө АТГ-ынхан болон ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангийнхантай өмгөөлөгч, манай эхнэр хоёр ярьсан. Тэд “Энэ талаар хэлэх боломжгүй” гэсэн хариу өгч байсан. Сүүлдээ утсаа авахаа больчихсон. Хоёрдугаар сарын 24-ний үүрээр 04:00 цагийн орчимд 461 дүгээр хорих ангийн үүдэнд очиход Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр цагдаа “Танай ээж амь насаа алдсан байдалтайгаар олдлоо. 21:40 цагт амьсгал хураасан байна. Цагдаагийн шуурхай удирдлагын төвд 00:14 цагт дуудлага ирсэн. Бид хэргийн газарт үзлэг хийчихээд явж байна” гэж хэлсэн. Ямар учир шалтгаанаар амиа алдсан бэ. Амь насыг нь хохироосон юм уу, амиа егүүтгэчихсан юм уу. Эсвэл гэнэтийн өвчний улмаас амь нь хохирсон юм уу гэдгийг одоо хүртэл бидэнд мэдэгдээгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Бид ээжийгээ амиа алдсан гэдгийг сонсоод сэтгэл санааны хувьд гүн цочирдолд ороод байна. Миний мэдэж байгаа, болж өнгөрсөн асуудал ердөө л энэ. Үнэхээр хэцүү байна.
-Таны ээжийг Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргээр шалгаж байгаа гэдгийг АТГ-аас мэдэгдсэн шүү дээ. Та Салхитын алт, мөнгөний орд газартай холбоотой асуудалд ээжийгээ холбогдсон гэдгийг мэдэж байсан уу?
-Ээжийг минь амь насаа алдаад хэдхэн цаг болж байхад, бие цогцос нь хөрөөгүй шахам байх үеэс цахим сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл гараад эхэлсэн. Дандаа амиа хорлосон гэх мэдээллийг гаргаад эхэлсэн. Би өнөөдрийг хүртэл ээжийгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа. Аллага үйлдсэн юм уу, эсвэл ямар нэгэн дарамт шахалтнаас болж амиа хорлох нөхцөл байдал үүсчихсэн юм уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байгаа. Дүгнэлт нь гараагүй байгаа шүү дээ. Салхитын орд газартай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлсийг харсан. Энэ ордтой холбоотой хүмүүс маргалдаад байгаа юм байна гэсэн ойлголттой л байгаа. Гэхдээ ганцхан зүйлийг хэлж чадна. Миний ээж хууль бус зүйл хийх хүн биш.
-Хүмүүс 68 настай хүнийг АТГ барьж хорино гэхээр ноцтой асуудал байсан юм байна. Тийм болоод л цагдан хорьсон бололтой гэсэн ойлголт аваад байгаа. Таны ээжийг цагдан хорьсон асуудал дээр ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд хэдийгээр хуульч ч гэсэн Эрүүгийн хэргээр мэргэшээгүй. Би Захиргааны хэргийн шүүгч. Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны талаар сайн мэднэ. Би ээжийгээ амь насаа алдсан үйл явдлаас хойш миний ээжийг баривчилсан талаар хууль судалсан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дөрөвийн тав дахь заалтад “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацааг 48 цагаас хэтэрч болохгүй” гэсэн байна лээ. Шүүхийн зөвшөөрлөөр баривчлах хугацааг 48 цаг гээд хуулиар тогтоочихоод байхад АТГ-ын мөрдөгч яагаад шүүхийн ямар ч зөвшөөрөлгүйгээр миний ээжийг цагдан хорьчихсон юм бэ. Ямар хуулийн заалт үндэслэж 48 цаг хорино гээд хорьсон юм бэ. Энэ асуудалд маш тодорхой хариулт хүсмээр байна. Хоёрдугаарт, мөрдөгч шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтэнг баривчлах хуулийн хугацааг 24 цагаар хязгаарласан байхад хаанаас ямар хуулийн зүйл заалт гаргаж ирээд 48 цаг саатуулах талаар яриад байгааг хуульч хүнийхээ хувьд ойлгохгүй байна. Би мөрдөгчийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Миний ээж насаараа шүүхэд ажилласан шүүгч хүн. Монгол Улсын гавьяат, хууль зүйн ухааны доктор хүнд хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж зөрчиж, эрхийг нь хязгаарлаж, үндэслэлгүйгээр баривчлан хорьж, эцсийн дүндээ амь насыг нь хохироож байгаа юм чинь жирийн иргэдэд яаж хандаж, хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг таашгүй. Хуулийг маш сайн мэддэг. Хуулийн зүйл заалтыг маш сайн тайлбарлаж чаддаг хүнийг ингээд хууль зөрчөөд хорьчихсон, амь насаар нь хохироочихоод байна шүү дээ.
-Өмнө нь 48-72 цагаар сэжигтнийг саатуулдаг байсан биз дээ?
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэргүйгээр баривчлах хугацааг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Энэ асуудалд хуульч нар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Хууль буруу хэрэглээд АТГ-ын мөрдөн байцаагчид эрдэнэт хүний алтан амийг хохироочихлоо шүү дээ. Монголын нэр бүхий тэргүүлэх хуульчийг ингээд хэлмэгдүүлчихлээ. Үүнд маш их гомдолтой байна. ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах газар энэ хэргийг үнэн зөвөөр мөрдөн шалгана гэж итгэж байгаа. Манай гэр бүл 90 жил Монголын шүүхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Миний зүгээс АТГ-ын хууль завхаруулсан үйлдэл, дээрээс нь гүтгэж доромжилсон нөхцөл байдлыг зогсоож үнэн зөвийг олно. Би ээжийнхээ нэр төр, алдар гавьяаг эргүүлэн авчрахын төлөө тэмцэнэ. Үнэн гэж байдаг гэдэгт би итгэдэг.
-Таны ээж ямар зан араншинтай хүн бэ. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажилласан гэдгээр нь асууж байгаа юм биш. Хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ?
-Би хүү нь болохоор ээжийгээ сайн мэднэ. Бүр ааваасаа илүү ээжийнхээ ямар хүн бэ гэдгийг мэднэ гэж хэлсэн ч чадна. Би ээжийнхээ мэргэжлийг өвлөж байсан болохоор тэр. Манайх гурван үеэрээ шүүхийн байгууллагад ажиллаж ирлээ. Ээж намайг шүүгч болоход хэлж байсан. “Чи хууль бус шийдвэр гаргахад хэзээ нэгэн цагт тэр буруу шийдвэр чинь хүн дээрээ эргэж тусдаг юм аа. Хууль бус зүйл хууль бусаараа дуусдаг. Өнөөдөр хууль бус зүйл үнэн мэт харагдаж байж болох ч хэзээ нэгэн цагт илэрдэг. Аливаа зүйлд шударга хандах ёстой. Чи шударга шийдвэр гаргах ёстой” гэж хэлж байлаа. Би аав, ээжийнхээ сургаж хүмүүжүүлсэн шулуун шударга зарчим дунд өсч, хүмүүжиж өдий зэрэгт хүрсэн. Миний өвөө Лувсандорж гэж хүн байсан. Монгол Улсад шүүхийн байгууллага анх үүсэн байгуулагдах үед Хөвсгөл аймгийн шүүхэд бичээчээр ажилд орсон байдаг. Тэр үед бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан. Бичээчээс ажлын гараагаа эхэлсэн өвөө минь шүүгч, аймгийн шүүхийн дарга, бүр Улсын дээд шүүхийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан түүхтэй. Сүүлд Шүүхийн даргаар ажиллаж байсан мөртлөө харуул хийгээд суудаг байлаа. Одоогийн прокурорын байр байгаа газарт манаачаар ажиллаж байхад нь би эгчтэйгээ хамт өвөөдөө цай хоолыг нь дөхүүлж өгдөг байсан. Өвөө минь шулуун шударга болохоороо л Улсын дээд шүүхийн дарга байсан атлаа хөгширсөн ч үүдний манаачийг нь хүртэл гололгүй хийдэг байсан байх. Миний аав, ээж жирийн дундаж давхаргын сэхээтэн айлуудын жишгээр амьдарч өнөөдрийг хүрсэн. Ямар сайндаа тэтгэврийнхээ мөнгөнөөс гадна амьдралдаа тус нэмэр болохоор хууль зүйн зөвлөгөө өгөх нөхөрлөлийг хүмүүстэй хамтран байгуулж ажиллаж байхав. Миний аавын хувьд жирийн тамирчин хүн. Дөрвөн ч удаа олимпод оролцсон улсын нэртэй тамирчин. 1990 оноос жимсний аж ахуй эрхлээд явж байгаа. Би ч гэсэн өнөөдөр цалингийнхаа зээлийг төлөөд л амьдарч байна шүү дээ. Миний ээжийг ямар ааш араншинтай, шулуун шударга зантай хүн бэ гэдгийг олон хүн мэднэ. Шударга ёс, хуулинд захирагдах ёстой гэдгийг амьдралынхаа туршид мөрдлөг, алтан зарчмаа болгож ирсэн хүн шүү дээ.
-АТГ-аас “Зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хөрөнгөө хэрхэн олж авсан бэ гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа” гэж мэдэгдсэн. Зургаан шүүгчийн нэр дотор таны нэр байгаа. Шууд асууя, танд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байгаа юм уу?
-Яагаад ч юм бэ гэнэтхэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгч гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад ирсэн. Зургаан шүүгчийн нэрс гарахад миний нэр дунд нь байсан. Би цаг тухайд нь хуулийн хүрээнд ХОМ үнэн зөв өгдөг. Энэ мэдээ гарснаас долоо хоногийн дараа миний ээжийг барьж хорьж, өнөөдрийн байдалд хүрсэн. Миний ээж аливаа асуудлыг дандаа өөдрөг талаас нь хардаг. Тулгарсан асуудлын гарц гаргалгааг нь олж чаддаг хүн. Надад хөрөнгө мөнгө байхгүй. Миний ард ямар нэгэн нөлөө бүхий хүч байхгүй. Надад нэг л зүйл байгаа. Үнэн шударга ёс. Ээжийн минь сүнс намайг харж байгаа гэж бодож байна. Би энэ асуудалд эцсээ хүртэл тэмцэнэ. Миний ээжийг мэддэг олон хуульч надтай хамт тэмцэнэ гэж итгэж байна. Хууль яаж завхруулдаг, хүнийг хууль зөрчин хорьж амь насыг нь хохироодог асуудлыг таслан зогсооно. Хүн ямар нэгэн асуудалд шалгагдаж, байцаагдаж болно. Гэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой.