Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч 13 настай хүү улаан бурханаар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэ тухай ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээлжээ. ХӨСҮТ-ийн баг Говьсүмбэр аймагт ажиллаад ирсэн байна. Өмнө нь Эрүүл мэндийн яамнаас Улаан бурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийж байсан. Тухайн тохиолдол нь 39 настай, энэтхэг иргэн бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн ажилтан байсан юм.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэг юм. Монгол Улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд тус өвчин дахин дэгдсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн иx тархалттай дэгдэлт болсон юм.
Монгол Улсад 2016 оноос хойш Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч дэлхий даяар дахин сэргэж дэгдэж байгаатай холбоотойгоор дэгдэлт гарсан улс орнуудаас өвчний үүсгэгч дамжин орж ирэх эрсдэл өндөр байгаа юм. Уг өвчний халдвар маш хурдан тархдаг тул гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирус нь дархлаагүй хүмүүст халдварлах эрсдэлтэй ажээ.