Улаанбаатар хотын барилгажилтыг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хуучны орон сууцыг шинэчлэх хүрээнд "ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ" хэмээх үгийг хэрэглээд чамгүй хугацаа өнгөрчихлөө. Сайн хэрэгжиж байгаа төсөл байгаа ч саар нь бас олон болчихжээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд 5 удаагийн тогтоол гарч 16 мянган нэгж талбай бүхий 1516,6 га талбайн 25 байршилд 76 хэсэгчилсэн төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Улаанбаатар хотын удирдлага болон төрөөс гаргах тодорхой шийдвэр нь хэрэгжээд эхэлсэн. Дээрх газар нутаг нь Улаанбаатар хотын гэр хорооллын 14 хувийг эзэлж байгаа. Гэхдээ энэ хэсэгт орон сууц баригдсан нөхцөлд гэр хорооллын 41% нь орон сууцанд орох боломж бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 1712 нэгж талбарыг чөлөөлж 7227 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 89968 айлын 961 орон сууцны барилгыг барьж байгуулах учиртай.
Гэр хорооллын дахин төлөвлөлт удааширч байгаа шалтгааныг олон талаас нь судлах, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээлийг тодорхойлох зэрэгт Улаанбаатар хотын удирдлага анхаарч эхэлсэн гэнэ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт тулгарсан нэг том бэрхшээл бол хэт том газрыг нэг компанид олгосон явдал. Мөн нөгөө талдаа иргэдэд ойлгуулах ажлыг дутуу хийсэн зэрэг нь нөлөөлж байгаа тухай бизнес эрхлэгчид хэлж байна.
Харин иргэдийн хувьд дахин төлөвлөлтөөр газраа өгч болно. Гагцхүү нэг хашаанд байгаа олон айлын асуудлыг компани шийдэхгүй, хот нь анхаарахгүй байгаа учраас л энэ ажлыг хойш нь чангааж байгаа гэдэг шалтгааныг хэлж байгаа юм. Нөгөө талдаа зарим иргэд арав, хорь, гучаараа нийлж хашааны газраа амины орон сууц болгох хүсэлтийг өвөртлөх болсон нь ажлыг саармагжуулах шалтгаан болж байгаа билээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр тулгарч байгаа бэрхшээлтэй харьцуулахад шийдэх боломжтой барилгажуулах ажил бол актлагдсан орон сууцыг шинээр төлөвлөж барьж байгуулах юм. Энэхүү ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын удирдлагад өгсөн ч өнөөдрийг хүртэл урагшилсан нь хуруу дарам цөөхөн байна.
Тухайлбал хуучны орон сууцыг нурааж, дахин төлөвлөж, шинээр орон сууцжуулах ажил 5 жилийн өмнө эхэлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2 болон 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар барилгууд. Тус хэсэгт барилгуудыг нурааж, шинээр барих ажлыг 2014 онд НИТХ-ын 90-р тогтоолоор хэрэгжүүлэхээр болж байв. Гэвч чамгүй хугацаанд гацсан ч сүүлийн 2 жил эрчимтэй өрнөх болов. Үүний шалтгаан нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн оролцоо чигд хангагдаж, нэг нэгнээ дэмжиж ажилласны үр дүн гэнэ. Тэр дундаа уг ажилд дүүргийн удирдлага анхаарч, хот дэмжлэг үзүүлсний үндсэн дээр ажил хийгдэх болжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл гацсан барилга тус хэсэгт байсаар байна. Шалтгаан нь аж ахуйн нэгжийн буруу гэхээсээ илүү иргэдийн асуудалд хандаж байгаа хандлага, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох чиглэлд төр анхаарахгүй байгаа зэрэг шалтгаан нөлөөлж байгаа тухай хэлж байна.
Нэхмэлийн шар барилгуудтай ижил нураах шаардлагатай жагсаалтанд орчихсон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удаа дараагийн акт гарчихсан барилга бол хуучнаар тээврийн товчооноос эхлээд Төмөр замын төв буудлын баруун хойд тал хүртэл үргэлжлэх хоёр болон гурван давхар шар барилга юм. Энэхүү барилгад хүн амьдарч болохгүй гэдэг актыг 2014 болон 2015 онуудад мэргэжлийн байгууллага тогтоож, зохих шийдвэрийг гаргасан.
Мэргэжлийн хяналтын шийдвэр гарсны дараа уг хэсгийг дахин төлөвлөлтөнд хамруулах чиглэлд НИТХ-ын шийдвэр гарч, зохих сонгон шалгаруулалтыг хийсэн байдаг. Гэвч уг сонгон шалгаруулалт маргаантай болж гурван шатны шүүхээр асуудал сунжирч 2017 онд эцэслэгдсэн тухай албаны хүн мэдээлэл өглөө.
2017 онд Баянгол дүүргийн 1,2,3,4,20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 барилга дээр дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр болж, төсөл сонгон шалгаруулалт явуулсан байна. 54 барилгаас цөөн хэдэн барилгын иргэд нь аж ахуйн нэгжтэйгээ тохиролцож чаджээ. Аж ахуйн нэгжүүд ч үүргээ ухамсарлаж, барилгын ажлыг эхлүүлж төлөвлөсөн цаг хугацааны дагуу ажил гүйцэтгэл хийгдэж байгаа гэнэ.
Өнөөдрийг хүртэл 54 барилгаас дийлэнх олонх барилга дээр нь дахин төлөвлөлтийн ажил хэрэгжихгүй байгаа шалтгаан нь иргэдийн ойлголт сул, эд хөрөнгөө эрсдэлд оруулна гэх айдас дээр нь сөрөг тоглолт өрнүүлэх хэсэг, мөн төрийн дэмжлэг бага зэрэг шалтгаан хэмээн аж ахуйн нэгжийн төлөөлөл учирлаж байна.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдтэй тохиролцож, хоёр талт гэрээг хийнэ. Энэхүү гэрээ нь тухайн барилгын оршин суугчдын 80%-д хүрсэн нөхцөлд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлтээ хүргүүлнэ. Уг хүсэлт батлагдсны дараа иргэн-аж ахуйн нэгж-төр гэсэн гурван талт гэрээг хийх юм. Ингэснээр барилгын ажил явагдаж эхлэх боломж бүрдэх учиртай.
Гэтэл өнөөдөр дахин төлөвлөлтийн ажил гацаж байгаа хамгийн том шалтгаан бол иргэн-аж ахуйн нэгжийн тохиролцоо юм. Уг тохиролцоог хийчихээр л орон сууцаа алдчихана гэх айдас олон хүнд байдаг гэнэ. Угтаа бол тухайн иргэн нь аж ахуйн нэгжтэй тохиролцож одоо байгаа байрны м2 болон байрлал, давхар зэргийг дордуулахгүйгээр харин ч илүү давуу эрх эдэлж тохиролцох учиртай. Гэхдээ давуу эрх эдэлж байна гээд төрийн ажлыг гацааж, түмэн олныг хохироож болохгүй. Ийм зарчмыг баримтлах ёстой иргэд хэт нэг талд туйлширч, цөөн хэсэг нь олонхийнхоо эрх ашгийг хойш нь чангаах болжээ.
Тухайлбал Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Тээврийн товчооны баруун урд тал буюу нарны гүүрний баруун талын замын үзүүрт байрлах 35 болон 36-р байрыг дахин төлөвлөлтөнд хамруулах эрх авсан "Гэрэгэ констракшн" ХХК-ийн тулгарсан бэрхшээл юм. Уг хоёр барилгад хүн амьдарч болохгүй, нурах эрсдэлтэй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт, акт 2015 онд гарчихжээ. Үүний дараа сонгон шалгаруулалт явуулахад тус компани шалгарсан байна. Гэвч өрсөлдсөн компани нь шүүхдэж, 3 шатны шүүхээр маргалдсаны эцэст "Гэрэгэ констракшн" ХХК-ийн талд шийдвэр гарчээ. Үүний дараа буюу 2017 оны дундуур тус компани дахин сонгон шалгаруулалтанд орж Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны 35 болон 36-р байрны дахин барилгажуулах ажлыг хийх эрхийг өвөртөлсөн байдаг.
Баянгол дүүргийн 3-р хорооны 35, 36-р байранд 60 иргэний 62 өмчлөх гэрчилгээтэй орон сууц байдаг гэнэ. Одоогийн байдлаар "Гэрэгэ констракшн" ХХК нь иргэдийн 62%-тай тохиролцоонд хүрч чаджээ. Одоо 18% нь "Гэрэгэ констракшн" ХХК-ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрөх юм бол тус 2 барилгыг нурааж, дахин орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих учиртай.
Уг 2 барилга нурчихаар иргэд нь хаачих вэ? Ийм асуултыг хүн бүр тавина. Харин уг асуултыг хариулалтыг "Гэрэгэ констракшн" ХХК-ийн менежер П.Цэрэнчимэдээс тодрууллаа.
П.Цэрэнчимэд: Манай компани нь 2017 онд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 болон 36-р байрны дахин төлөвлөлтийн барилгажуулах ажлыг хийх эрхийг авсан. Үүнээс хойш иргэдтэй зөвшилцөх, Улаанбаатар хотын хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт өгөх, Баянгол дүүргийн тавьж байгаа шаардлагад нийцүүлэх гэх мэт ажлыг хийсээр байна. Тухайлбал иргэдийн санал дээр тулгуурлаж шинээр баригдах барилгын зураг төслийг 3 удаа өөрчлөөд байна. Иргэдийн санал дээр барилгын зураг өөрчлөгдөх бүрт бид Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт уг барилгын зураг төслийн өөрчлөлтийг өгч батлуулдаг. Мөн иргэдийн аюулгүй байдал, шинэ орон сууцанд орох хүртэл амьдрах байр, түүний түрээс, эрсдэл зэргийг тооцож, бүх ажлыг хийсэн болно. Тухайлбал бид тухайн орон сууцанд байгаа айл өрхийг 2 даатгалд хамруулаад байна. Нэг нь бизнесийн таслалтын даатгал. Барилга угсралтын багц даатгал. Энэ 2 даатгалд хамрагдсан иргэд одоо амьдарч байгаа орон сууцнаасаа түрээсийн орон сууцанд орох, дахин өөрийнхөө эзэмшлийн шинэ орон сууцанд орох хүртлэх бүх эрсдлийг хамгаалж байгаа юм. Нэг үгээр хэлбэл тухайн цаг үед иргэдэд ямар нэгэн хэлбэрээр мөнгөн дарамт ирэхгүй байхаар компани зохицуулж байгаа. Гэвч иргэд ойлгосон хэдий ч зарим нэг эрх ашгийн зөрүүнээс болоод асуудлыг хойш чангаах хэсэг байсаар байна.
Гэрэгэ констракшн ХХК нь иргэдэд 10 гаруй боломжит нөхцөлийг одоо байгаа байрных нь м2 дээр нэмж санал болгож байгаа гэнэ. Дээрх 10 гаруй нөхцөл дотор орон сууцны м2 нэмж өгөх, гарөашийн давуу эрх, мөн байрлал, давхар сонгох гэх мэт олон боломж байгаа юм байна. Мөн оршин суугчдын шаардлага, хүсэлд нийцүүлж барилгын зураг төслийг гаргасан учир өрөөний зохион байгуулалт нь хүн амьдрах хамгийн таатай нөхцлийг бий болгож өгсөн гэж үзэж болохоор тухай зураг төслийн мэргэжилтэн хэллээ.
2015 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дүгнэлт гарч, хүн амьдрах боломжгүй, нурах эрсдэлтэй, мөн ундны усны эх үүсвэрийн шугам хоолой нь элэгдэлд орж, хүн ус уух боломжгүй болтол бохирдсон, хүрээлэн буй орчны бохирдол нь элдэв халдарт өвчин гарах эрсдлийг бий болгосон зэрэг дүгнэлт гарчихсан тус барилга дотор өнөөдөр ч хүн амьдарч, зарим үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулсаар байна.
"Гэрэгэ констракшн" ХХК нь ирэх сараас буюу 2019 оны 04 сараас барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэвч тус компанид хэсэг хүмүүс саад учруулах, иргэдийн сэтгэл санаанд нөлөөлөх, хоёр талд гэрээг аж ахуйн нэгж-иргэн хооронд хийлгэхгүй байх зэргээр чирэгдэл учруулах болсон талаар тус компанийн төлөөлөл хэллээ.
Дахин төлөвлөлтийн журмаар бол нийт оршин суугчдын 80% нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлд тус иргэд нэгдэж Төрийн бус байгууллага байгуулан эрх ашгаа хамгаалж болно. Түүнээс хоёр гурван хүн нийлж Төрийн бус байгууллага байгуулчихаад нийтийн өмнөөс шаардлага тавих ёсгүй юм байна. Гэтэл 35 болон 36-р байрны хэсэг хүмүүс нийлж, иргэдийг ятгах, өөр аж ахуйн нэгжийг тус дахин төлөвлөлт дээр оруулах талаар ухуулах, эрх авчихсан аж ахуйн нэгжийг шахаж гаргахаар зүтгэж эхэлсэн нь төлөвлөсөн ажил нь удаашрах, саатах эрсдлийг бий болгож эхэлжээ.
Нөгөө талд нь хүн амьдрах боломжгүй, үйлчилгээ явуулах тухай ойлголт огт байхгүй барилга дотор хүн амьдарч, үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулсаар байхад анхаарахгүй, үл тоосон шинжтэй байгаа төрийн байгууллагын буруу ч бас энд нөлөөлж байгаа юм. Тухайлбал мэргэжлийн байгууллага нь үйлчилгээний газруудад зохих шаардлага тавьж, зөвлөгөө өгөх хэлбэрээр аж ахуйн нэгжтэй тохиролцох чиглэлд анхаарах ёстой.
Баянгол дүүргийн 3-р хорооны 35 болон 36-р байрны дахин төлөвлөлтийн зураг
Мөн иргэдийн 80%-ийн эрхийг хамгаалаагүй аливаа нэгэн этгээдийг төрийн байгууллага шаардлага тавьж, иргэн-аж ахуйн нэгж хоорондын тохиролцоонд саад болохгүй байх тал дээр анхаарах нь дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах хамгийн том алхам болохоор байна.
Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага дахин барилгажуулах ажлыг анхаарч, нэгэнт шалгарсан аж ахуйн нэгжийн ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд доривтой ажил хийх цаг нэгэнт болжээ. Тэгэхгүй иргэн-аж ахуйн нэгж хоорондоо тохиролц гэж хаях нь эргээд энэ ажил удаашрах, ойлголтын зөрүү гарах эрсдлийг бий болгож байна. Тэр дундаа иргэдийн санаа бодлыг үймүүлэх, аж ахуйн нэгжийн эсрэг иргэдийг турхирах, санаатайгаар ажилд саад болж, өөр аж ахуйн нэгжтэй хувийн эрх ашгаар холбогдох зэрэг зөрчил гарч байгааг анхаарах цаг болжээ. Тэгэхгүй бол барилгажуулах ажил удааширч, дахин иргэдийн гомдол саналд Улаанбаатар хотын удирдлага дарагдаж болзошгүй байна аа.
БГД-ИЙН АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ БАЙРШИЛ