Долоо хоногийн хамгийн сенсацитай үйл явдлын эзнийг урьж оролцуулдаг "Цензургүй яриа" нэвтрүүлэг яах аргагүй олон үзэгчтэй, бас сенсацитай байж чаддаг. Саяхны дугаарт нь гэхэд "Нүүрсний" гэх хэргээр яллагдсан Л.Гансүх оролцож, хөшигний ардах улс төрийн элдэв адармаатай зүйлсийн талаар ярихдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай хөндсөн билээ. Нэвтрүүлэг цацагдсаны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа "Цензургүйд оролгүй 2 жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо." хэмээн жиргэсэн байв.
Харин нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн зүгээс "Үзэгчид таныг 30 жил "хошгируулсан" гээд дургүй байна шүү. Харин та " 3 сая инээд" шоу нэвтрүүлэгт орвол илүү зохимжтой..." гэж хариу барьсан нь олны анхаарлыг татаж орхилоо.
Уг нэвтрүүлгийн нэр "Цензургүй яриа". Нэрийн агуулгыг нь бодвол ямар ч цензургүй ярьж, үзэгчдэд үнэний тухай өгүүлэх эрхэм зорилготой нэвтрүүлгийн эзэд энэ удаа цензур тогтоож Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шууд нэвтрүүлэгтээ оролцуулахаас татгалзав бололтой.