Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эгчийгээ шатааж хөнөөсөн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, бүх насаар нь хорих ял оноох /хаалттай хорих ангид/ шийдвэр гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар, Д.Батхуяг, О.Энхбаяр нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх, нэр бүхий 11 хохирогч, 2 иргэний нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн байна.