Өнгөрсөн ням гаригт Этиопийн агаарын тээврийн "Etiopian airlines" компанийн "Boing 737 MAX8" загварын онгоц Кенийн нийслэл Найбори хот руу нислэг үйлдэхээр хөөрөөд зургаахан минутын дараа осолдож, 157 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын дараа Хятад болон Энэтхэг, Сингапур, Австрали, Европын холбооны улсууд бойнг загварын онгоцыг нислэгт гаргахгүй байх шийдвэр гаргаад байсан. Харин АНУ-ын хувьд үндэсний компаниа "өмөөрч" өөр байр суурьтай байсан ч өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийж, бойнг загварын онгоцыг нислэгт гаргахыг хориглолоо. АНУ-ын Иргэний агаарын тээврийн албанаас бойнг онгоцны осолтой холбоотой нотлох баримтуудыг судалж үзээд ийм шийдвэр гаргахаар боллоо. Өнгөрсөн аравдугаар сард Индонезид осолдсон бойнг онгоцны осол, саяын ослын нөхцөл байдлууд зэргийг судалж үзээд түр хугацаагаар хориглох шийдвэрт хүрлээ гэдгээ мэдэгджээ.
Одоогоор дэлхийн 40 гаруй улс орон "Boing 737 MAX8", "Boing 737 MAX9" онгоцуудыг агаарын замдаа нэвтрэхийг хориглоод байгаа юм байна. "Бойнг" компанийн зүгээс гуравдугаар сарын 20-ныг хүртэл онгоцуудаа нислэгт гаргахгүй байхаар болсон байна. Ням гаригт болсон ослоос хойш тус компанийн хувьцааны ханш унаж эхэлжээ.