Хаврын дунд сар тал хэрдээ оржээ. Хавар аа... гэж уг нь сайхан улирал юм сан. Цас ханзарч, гэрийн хаяагаар урсаад л, шувуудын жив жив дуу сонсдоод л, болжмор хашаан дээр хөрөөний ир шиг ирийтэл суучихаад л, өдөр уртасч үе үе нойр хүрээд л.
Дэлхийн нөгөө бөөрөнд оршиж буй Калифорнид шар цэцэг тал дүүрэн дэлгэрснийг цахим хуудсаас үзлээ. Японд сакура дэлгэрч, хаврын баяраа хийх нь ойртжээ. Солонгост дулаараад нэг л сайхан байгааг тэнд ажиллаж амьдарч яваа найз маань ярилаа. Хятадад бас л гоё дулаан байгаа ажээ. Ёстой л дэлхий дэлэгнэсэн урин дулаан цаг дэргэд ирж. Гэвч, өнөө жилийн хавар Улаанбаатарт байгаа монголчууд бид хачин их улстөржиж, зулай дээр мандах алтан нарыг ч мартах шахан сууна. Ерийн бүхэн өөрчлөгдчихсөн мэт, үүрээ эвдүүлсэн шоргоолж ч юм шиг, хэмлэлдэж, фэйсбүүк, твиттерээр хэрэлдэж, шоолж, шоглож, нүүр тулаад уулзвал улалзаж үхмээр болтлоо улс төрийн хэрүүлд дэв тусчээ. Гар утсаа унтраагаад, интернэт сүлжээнээс түр холдвол амьдрал айван тайван үргэлжилдгээрээ үргэлжилж, ирж яваа цагийн жаргал цэнгэл эхэлснийг мэдэрдэг бол ч ай даа, сайхан юм сан гэж бодогдлоо.
Булган нутагт мал төллөж, улсууд уураг идсэн шиг ээ налайж сууна гэх. Айргийн амт нь чимчигнэсэн сайхан нутаг хойно, очсон гийчинд намрын хураасан айрагтай л байна гэх. Жаахан хур орчихвол ч энэ зун газрын гарц янзын байна даа гэх яриа хөврөхийг дуулаад давхиад очмоор санагдлаа. Амьдрал ийм жирийн, хөг ая нь хэвээрээ, эх орон бүтэн байгааг мартах шахтал "улс төрийн бөмбөгөнд" нүдүүлсээр сууна уу даа, бид.