Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь “Жи Тайм” гэх компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тус компани нь Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон билээ. Улмаар М.Маратыг 2017 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас гэр бүлийнхээ хамт хилээр гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм. Гэвч хэргийн холбогдогч мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ. Энэ хугацаанд “Жи тайм” сүлжээнд элсэж, хохирсон 11 мянга 734 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна.
Хэргийн холбогдогч Казахстан улсын иргэн М.Маратыг гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, эрхзүйн харилцан туслалцаатай орнууд руу прокурорын байгууллагаар хүсэлтээ тавьж шалгуулж байгаа аж. Одоогоор 6.9 тэрбум орчим төгрөг, 400-аад сая төгрөгийн үнэтэй автомашин, 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хохирогч нарын нөхөн төлбөрийг төлүүлэхээр битүүмжилсэн гэдгийг цагдаагийн байгууллага өнөөдөр мэдээлэл хийлээ.