Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн зуны наймдугаар сард гарсан билээ. Уг хэргийн холбогдогч Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр өглөө 10:0 цагт товлогдсон ч дахин хойшиллоо. Гэрчүүд дутуу гэх үндэслэлээр ийн гурав дахь удаагаа хойшилж байна.
Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл энэ удаагийн шүүх хуралд сайн дураараа гэрчээр оролцохоор ирсэн юм. Тэрбээр "Энэ бол ердийн нэг архидалттай холбоотой хэрэг биш ээ. Хэсэг хүмүүсийн ажил албан тушаалын шуналтай холбоотой асуудал. Талийгаач Т.Гомбосүрэн ийм зүйлийн л золиос боллоо. Юуг сургамж болгож үлдээв. Цаашдаа энэ төрд байгаа хүмүүс юуг анхаарах ёстой юм гэх мэт олон зүйлийг энэ хэргийн шүүх хурлаас харж хүлээж байна. Сая, шүүх хурал гэрч дутуу гээд хойшилчихлоо. Тухайн үед сайд байсан хүн нь ирсэнгүй. Уг нь сайд нь өөрөө ирэх ёстой шүү дээ. Гэрчүүд бүгдээрээ л ирэх хэрэгтэй. Юу болсныг ярих хэрэгтэй. Манай сэлэнгэчүүд шударга шийдэгдээсэй гэж бүгдээрээ харж байгаа. Гэвч ажил албан тушаалын ард нуугдсан зарим хүмүүс ирэхгүй байна" гэж ярилаа. Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа энэ хэргийн талаар илчилж, ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулна гэж мэдэгдээд байсан юм.