Засгийн газар "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон билээ. Үүний дараахан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, төр "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон шиг бусад стратегийн ордуудад ч "дэглэм" тогтоож магадгүй. Ер нь 400 шахам ордыг төрд буцааж авч магадгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Тэгэхдээ МАК компанийн эзэмшилд байдаг "Цагаан суваргын орд"-ыг нэр цохож байв.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ээлжит бус чуулганы дараа энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Ардчилсан чөлөөт зах зээлийн тогтолцоог хөгжүүлээд цааш явах юмуу, эсвэл төр коммунизмаа дахин байгуулж, бүх хувийн өмчийг хурааж авах гэж байгаа юмуу, мэдэхгүй байна. 1979 онд "Эрдэнэт" үйлдвэр ашиглалтад орсноос хойш ийм хэмжээний үйлдвэр Монголд байхгүй байсан. Ганц хийгдсэн ажил руугаа ингэж дайрч давшилж байгаа бол бид бодлогын өөрчлөлтүүд хийхээс өөр аргагүй. Цагаан суваргын орд одоогоор 400 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Би, МАК компанийн Төрийн ордонд ажилладаг төлөөлөгч бас биш шүү дээ. Гэвч, нэр цохож надтай хамаатай асуудал яриад байгаа учраас тайлбар хийж байна. Түүхэндээ Цагаан суваргын ордод хайгуул хийж, нөөц гэж зүйл тогтоогоогүй байсан. Бид, Австралийн компаниас лицензийг худалдаж аваад өрөм тавьж, анх орд олсон. Борлуулалтын орлогоосоо 70 орчим хувийн татвар төлдөг. Миний хамгийн гол ярих гээд байгаа юм бол яг ямар тогтолцоогоор явах юм бэ. Ардчилсан чөлөөт тогтолцоо юмуу, эсвэл Венесуэлийн зарчмаар явах юмуу гэдэг болчихоод байна. Би Ерөнхий сайдтай огт уулзаагүй байгаа. Надад дайралт ирлээ гээд хонь шиг болоод явж чадахгүй л байх" гэсэн юм.