УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж, шинэ нам байгуулж байгаагаа зарлалаа. Тэд “Манай нам үнэний төлөө, шударга ёсны төлөө, хуулийн дагуу ажилласан нам байгуулах болно. Нам үүсгэн байгуулах хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж нэр, дүрэм гэх мэт мэдээллийг тодорхой болгож Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд "Би улс тѳрийн эрсдэл үүсч, намаасаа гарсан. Нам алдаа оноогоо ухаарч, эргээд хандана гэж итгэж байсан. Гэвч ийм процесс өрнөсөнгүй. Ж.Батзандан бид хоёр тойрог дээрээ очиж, энэ бодит байдлаа хэлсэн. Ард түмэн үүнийг маш эерэгээр хүлээн авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өнөөдөр Ж.Батзандан бид хоёр Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэнд үүд хаалгаа нээдэг шинэ нам байгуулж байгаагаа зарлаж байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал энэ долоо хоногт ил болно. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хууль болон хүний эрхийг зөрчсөн нь одоо ил болох гэж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын айлчлалаар Швейцарь явсан УИХ-ын гишүүд тус улсаас С.Баярцогттой холбоотой оффшор данс болон бусад хүмүүсийн мэдээллийг авчирсан. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурцын цолыг хураах асуудал Төрийн ордонд яригдаж эхэлсэн гэх зэргээр ярьсан юм.