Өнөөдөр өглөө 07.00-08.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Уг ослын улмаас 52 настай иргэн газар дээрээ нас баржээ. Эх сурвалжид мэдээлснээр осол гаргасан жолооч нь ЦЕГ-ын дэд даргын жолооч байсан аж.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүү тайлбар өгч, "Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг нууцалсан зүйл байхгүй. Өнөө өглөө ийм харамсалтай осол гарч, хүний амь нас хохирсон. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. ЦЕГ-ын автобаазын шуурхай албаны машин энэ ослыг гаргасан. Шалгах ажил холбогдох хуулийн дагуу явагдаж байна" гэжээ.