Монголын улс төрийн амьдралд олон сонирхолтой дүр гарч ирж буй. Тэдний нэг нь Асашёорюү Д.Дагвадорж мөн байлгүй яахав. Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын түншлэл хариуцсан бие төлөөлөгч гэх улс төрийн ажилтай. Эзэнгүй байгаа Хэнтийн 42 дугаар тойрогт өрсөлдөнө гэх яриа дуулдаж, шуугиулаад байсан. Энэ удаа үгүй юм гэхэд, 2020 оны сонгуульд баараггүй нэг тойрогт үзэж мэднэ. Ерөнхийлөгчийн улс төрийн багт багтчихаад байгаа шүү дээ. Түүний ах Д.Сумъяабазар МАН-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга, сайд. Дүү Д.Сэржбүдээ нь МАХН-ын гишүүнчлэлтэй гэж байгаа. Аварга өөрөө АН-ын гишүүн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийн штабт ажиллаж, бараг нэр дэвшигчээсээ давж гаран сонгогчдын саналд нөлөөлж чадсан сонирхолтой зураг харагдаж л байсан. "Аса станц"-аа бариад сонгуулийн бүхий л пиар, сурталчилгааг нь тун чадмаг, эвлэг хийчихсэн хүн. Хөшигний ард нам дамжсан улс төрийн элдэв тоглолтод оролцсоор ямартаа ч ах Д.Сумъяабазарыгаа сайдын түвшинд гаргаж ирсэн. Тэгэхээр улс төрөөс яаж хол гэхэв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оймсоо гозойлгож явахад тусгай хүчнийг цээжээрээ ярж ороод л түүнийг хамгаалж зогссон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч сонгуульд нь дэмжиж, дэрвэж явав. Эдүгээ Х.Баттулга Ерөнхийлөгчийн яг дэргэд оччихсон сууна. Тэгэхээр улс төрийн тоглолтыг яаж мэдэрдэггүй гэхэв дээ. Ах, дүү гурван бөх Ардчилсан нам, Ардын нам, Хувьсгалт нам гэсэн үзэл бодол, байр суурийн хувьд огт өөр гурван намд элсэж, "баруун зүүний манлайд" яваа нь Монголд өнөөдөр байгаа улс төрийн жинхэнэ зураг л юм даа.
Их Наран улсад сумогийн ёкозүна болсон анхны монгол хүн. Сумогийн дээд амжилтуудыг эвдэж, монгол түмнээ цэнгүүлж, огшоож, баярлуулж, "Тэнгэрт тэтгэгдсэн миний Монголын ард түмэн" хэмээн тунхаглаж явсан Асаршёорюү Д.Дагвадорж аваргын ааг омог нь гал мэт дүрэлзэж, багтаж ядан буй нь илхэн байдаг. Ёстой л өл манхан уулыг ч өргөж шидээд байгаа мэт, аранзал зээрдийг унаж давхисан араг улаан хонгор ч юм шиг, тал нутагтаа багтаж ядсан алдар нэрийг олсон хүн. Өглөөний хөх луу хэмээх сумогийн нэр шигээ дүүлж, цахилж явдаг нэгэн.
Монголдоо сошиал хэрэглэгчдийн дундаас хамгийн олон дагагчтай нь Асашёорюү. Гэхдээ жиргээ, постууд нь сүүлийн үед шүүмжлүүлэх болж. Үг хэлээ мэдээсэй гэж зэмлүүлж байгаа нь харагдах юм. Нээрэн чиг, амны алдас хийж байна уу гэлтэй айхавтар үгсийг ус шиг урсгадаг боллоо, аварга маань. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхантай твиттер хуудсаар хэрхэн ам зөрснийг нь харахад бас л халагламаар ажээ. Ганц энэ удаа биш. Өмнө нь ч хэд хэдэн тохиолдол гаргасан. "Хас"-ын Ганхуягтай хэцүү үгээр дуудалцаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг элдэвлэн, үг сөргөсөн болгоныг занаж, зууж байв. Олон нийтийн сүлжээ юм хойно, улсууд аваргыгаа бас ил хэлэх юм. Сөрж шүүмжилсэн хүн бүрийг блоколчихдог адармаатай зантай гэж түүнийг өөрийг нь блоклох "challenge" хийх шахсан даа.
Ард түмэн хайрлаж, хүндэлж, бахархаж, алган дээрээ бөмбөрүүлснийхээ хариуг нэхэх юм. Тэр хариуг алхаа гишгээ бүрээрээ, зөв үлгэр дуурайллаар, ёс суртахуунаар л буцааж өгөх бололтой. Тэнгэрт тэтгэгдсэн Монголын ард түмэн аваргадаа зүхүүлээд байхыг хүсэхгүй байх шиг санагдана.