"KFC"-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгожээ

"KFC"-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарчээ.
Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд “KFC”-ийн 12 сүлжээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бусад 11 салбар болон Зайсан салбарт хяналт шалгалт хийж, хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Тухайлбал, зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны хугацаа дууссан байжээ. Мөн нийт 410 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой байтал 9 хүн үзлэгт хамрагдаагүй байсан байна. Энэ мэт 64 зөрчлийг илрүүлжээ. Улмаар дөрвөн салбарт Зөрчлийн хэрэг нээн шалгаж, 4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол долоон газарт хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Харин хоолны хордлого гарсан Зайсан дахь KFC-ийн үйл ажиллагааг прокурорын тогтоолоор бүхэлд нь зогсоосон. Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтуудыг үндэслээд нийтдээ тухайн салбар дээр 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураажээ. Иргэдийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эм, эмнэлгийн зардалд 49 сая 407 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авсан байна.